Төрийн сангийн буцалтгүй тусламжаар болон Өндөр онооны тэтгэлгээр сурч буй төгсөх курсийн оюутнуудад дипломыг нь өгөхгүй, сургалтын төлбөрөө хоёр хоногийн дотор төл хэмээн шахалтанд оруулжээ.
Тодруулбал, МУБИС–ийн хэсэг оюутнууд манай сайтад хандан асуудлын талаар мэдээлэв. Тэднийг төлөөлж нэгэн төгсөгч оюутан,
"Би МУБИС-ийн Монгол хэл, уран зохилын ангийн төгсөх курсийн оюутан. Манай сургалтын албанаас энэ сарын 7-нд Өндөр онооны тэтгэлэгтэй болон буцалтгүй тусламжаар сурдаг оюутнуудаас бусад оюутнууд төлбөрөө хийгээрэй гэсэн мэдээллийг өгсөн. Гэвч маргааш нь буюу зургаадугаар сарын 8-нд Өндөр онооны болон буцалтгүй тусламжаар сурдаг хүүхдүүд ч мөн төлбөрөө өг. Учир нь улсаас санхүүжилт байхгүй. Тиймээс энэ сарын 10-ны дотор төлбөрийн зөрүүгээ төлж дуусга гэж мэдээлсэн юм. Бид хоёрхон хоногийн дотор төлбөрөө төлөх боломжгүйгээ мэдэгдэж цахимаар эсэргүүцлээ илэрхийлсэн.
Гэтэл Буцалтгүй тусламжийн санхүүжилт орохоор болсон. Харин Өндөр онооны тэтгэлэгтэй хүүхдүүд өөрсдөө үндсэн төлбөрөө төл. Үгүй бол дипломыг чинь өгөхгүй гэсэн юм.
Миний хувьд анх нэгдүгээр курсэд ЭЕШ-ын өндөр оноогоор сургуульд ороход, МУБИС, Оюутан, Засгийн газар гээд гурван талт гэрээ хийсэн. Тэр гэрээнд голч оноо 3.0-аас дээш байх юм бол тэтгэлгээр сураад төгсөнө гэсэн боловч гэрээний заалт зөрчигдөөд байна. Уг нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, төгсөгч оюутнуудад цаг хугацаа тулгаж дипломоор барьцаалсан асуудал байх ёсгүй гэж их дээд сургуулиудад чиглэл өгсөн юм билээ. Гэвч энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. 30-35 тэрбум төгрөгийг өндөр онооны тэтгэлэг, буцалтгүй тусламжид зарцуулагддаг юм билээ. Гэтэл ковидтой холбоотой боловсролын төсвөөс танагдсан гэх тайлбарыг бидэнд өгөөд байгаа. Учир нь хүүхдийн 100 мянган төгрөг өгөхөд, бидний тэтгэлэг, буцалтгүй тусламжаас санхүүжилт авсан гэж байгаа юм. Хүүхдийн, халамжийн мөнгийг өгөхийн тулд боловсролдоо зарцуулж байгаа мөнгөнөөсөө танаж, тэтгэлэгтэй оюутнуудаа хохироож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл биднийг ацан шалаанд оруулж байгаа юм.
Би энэ асуудлаар Зээлийн сантай холбогдож тодруулга авахад, Буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Өндөр онооны тэтгэлгийг олгох эсэхийг мэдэхгүй байна гэсэн. Үргэлж мэдэхгүй гэсэн хариу өгдөг нь үнэхээр төвөгтэй. Тэтгэлгээр сурч байгаа оюутнууд хохироод байна шүү дээ” гэлээ.
Манай төр засаг нийгэмд тулгарч буй бүхий л асуудлыг цар тахалтай холбон улс төржүүлж, иргэдээ хохироож байгаагийн нэг жишээ энэ юм. Оюутны тэтгэлгийн санхүүжилт цар тахалтай ямар ч холбоогүй. Гэвч холбоотой мэтээр асуудлыг сунжруулж хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна.