УИХ-аас батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өнөөдөр хуралдан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан "Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Эмийн ханган нийлүүлэлтэд онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийдэг асуудал байж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал, хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан халдварын тархалт буураагүй болон хүүхдийн мөнгө зэрэг халамжуудыг зогсоох эсэх талаар тодруулахад, Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн болон иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн, хүүхдийн халамжууд гээд олон асуудал цааш үргэлжилнэ. Үүнийг зогсоох, цаашид өгөхгүй байх талаар Засгийн газар болон аль ч түвшинд албан ёсоор яригдаагүй.
Эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа ч Засгийн газар энэ цаг үед орлого ашиг нь буурсан ААН, амьжиргаа дордсон иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлнэ гэж байгаа. 10 их наядын эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гүйцэтгэл нь боломжийн хэмжээнд буй. Гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ямар нөхцөлд нөлөөлөхийг тооцох ажлууд Сангийн яаманд хийгдэж байна" гэв.
Халдварын тархалт буураагүй талаар "Вакцины бүрэн тунд иргэдээ хамруулаад, дархлаа тогтоцын төсөөлөл судалгаагаар мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын бидэнд гаргаж өгсөн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины нөлөөллөөр халдварын тоо эрс буурч эхэлнэ гэж байсан юм. Харамсалтай нь халдвар буурсангүй.
Үүнд нөлөөлсөн зүйл нь сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэрэг байна. Мөн мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн давхар дүгнэлт гарч ирж байгаа" хэмээн хариуллаа.