Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 44.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 682.1 мянган ажиллагч хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.5%) мянгаар, өмнөх улирлаас 542 (1.2%)-оор, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 20.7 (3.1%) мянгаар нэмэгдсэн бол өмнөх улирлаас ажиллагчдын тоо 9.6 (1.4%) мянгаар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
График. НДШ төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, дүнд эзлэх хувиар, 2021 оны 1-р улирлын байдлаар
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 682.1 мянган ажиллагчдын сарын медиан цалин 945.7 мянган төгрөг байна.
Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин тус улирлын байдлаар 1.3 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 55.2 (4.4%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 13.2 (1%) мянган төгрөгөөр буурсныг мөн хэлэв.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд,
- Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.8 сая төгрөг,
- Хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.5 сая төгрөг,
- Хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 103.6-441.5 (7.9%-33.6%) мянган төгрөгөөр их байгаа аж.
График. Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар, мянган төгрөгөөр
Харин төсөвт байгууллага, төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллагчдын дундаж цалин 1.1 сая төгрөг, хоршоонд ажиллагчдынх 660.6 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 197.6-654.3 (15.0%- 49.8%) мянган төгрөгөөр бага байна. Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 6.1 (0.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 702.3 мянган төгрөг буюу хамгийн бага байна.