МҮБХ Ардын хувьсгалийн түүхт 100 жилийн ойг угтан зуун сая төгрөгийн шагналын сантай энэ цагийн идэр залуу шилдэг 32 хүчтэн оролцсон “Үндэсний бөх–Үнэт өв” тойргийн барилдааныг энэ сарын 18-25-нд зохион байгуулахаар УОК-оос зөвшөөрөл авчээ. Барилдааныг телевизийн дөрвөн сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм байна. Тус барилдаан нь энэ сарын 12-нд Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдана.
Энэхүү тойргийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдрөөс 17-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ. Барилдаан Тэрэлж дэх “Ред рок” амралтын газар болно. Барилдааныг зохион байгуулах хөлийн цэц, засуул, бөхчүүд найман өдрийн турш тусгаарлагдах юм байна. Тус барилдаанд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой, үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулахаар төлөвлөжээ. Бөхчүүддээ вакцины хоёр тунгаа хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх шаардлага тавьжээ.