Сүүлийн 24 цагт 2386 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэдний 618 нь 0-17 хүртэл насны хүүхдүүд байна. 2386 иргэнийг насны бүлгээр нь ангилбал 18-39 насны иргэд дийлэнхийг эзэлжээ. Тодруулбал 30-34 насны 306 хүнээс халдвар илэрсэн байна. Тэдний дийлэнх нь эхний тунгаа тариулсан эсвэл огт дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ.
Хүүхдүүд халдварт олноороо өртөж байгаа нь эцэг эхчүүд хайнга хандсанаас үүдэлтэйг ЭМЯ-наас анхаарууллаа. Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явах, хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй авч явах нь түгээмэл байгааг шүүмжиллээ. Иймд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газраар болон айл руу дагуулж явахгүй байхыг санууллаа. Ингэснээр та өөрийн хүүхэд болон тухайн зочилж очиж байгаа айлынхаа бага насны хүүхдийг эрсдэлд оруулж байгааг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайд таваас дээш хүүхдийг нэг дор тоглуулахгүй байх, хүүхдийнхээ тоглоомыг соданы уусмалаар угаах хэрэгтэйг зөвлөлөө.