Өнгөрсөн долоо хоногт worldometers.info сайтад мэдээлснээр монголд халдварын тохиолдол 10718-аар нэмэгдэж, 54 хүнээ коронавирусийн цар тахлын улмаас алдсан харамсалтай тоо байна. Манай эрдэмтэн судлаачид вакцинжуулалтын үр дүнтэй холбоотойгоор зургаадугаар сарын дунд үеэс халдварын тархалт буурна гэсэн ч ойрын өдрүүдэд эрчимтэй өсөж байгаа дүр зураг хэн бүхэнд тод байна. Өчигдөр гэхэд л 2263 хүнээс коронавирус илэрч, найман хүн халдварын хүндрэлээр хорвоог орхилоо.
Вакцинжуулалтаараа бид дэлхийд тэргүүлж байгаа ч халдварын тохиолдол буурахгүй эсрэгээрээ өсөөд байгааг зарим эрдэмтэд чанаргүй вакцинтай холбон тайлбарлаж буй. Үүнд итгэмээргүй байвч үнэн гэдэг нь өнөөдрийн бодит байдал харуулсаар байгаа юм. Жишээ нь Оном сангийн эрдэмтэд буюу тус сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар "БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин эсрэг биет үүсгэх чадвар маш сул учраас сайн чанарын вакцинаар бүүстер хийх шаардлагатай" гэдийг удаа дараа сануулсаар байгаа.
Бид энэ удаад судлаач Н.Энхбаяраас халдварын тархалтад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар тодрууллаа. Тэрээр “Халдварын тархалт буурахгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Ганцхан вакцин гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь тухайн улсад аль вариант давамгайлж байна гэдгээс хамаарч байгаа. Сүүлийн Энэтхэгийн вариант тархах чадвар хурд нь хоёр дахин өндөр байна. Энэ Энэтхэгийн дельта вариант тархсан улсуудад нэлээд хүнд байдалд байна. Харьцангуй хуучны UK буюу альфа вариант тархсан улсуудад вакцин маш сайн үр дүнгээ өгөөд халдварын тархалтыг дарж чадаж байгаа.
Өчигдөр ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний хүрээлэнгийн захирал “Манайд өөр вариант байна. Хуучин вариант биш байна. Бид үүнийг судалж байна” гэж мэдээлэл хийсэн. Шинэ вариант үүсээд байгаа газруудад хүндрэл үүсээд байгаа. Бид одоогоор дотоодод ямар вариант байгааг бүрэн гүйцэд судалж чадахгүй байгаа. Саяхан манай ХӨСҮТ-ийн шинжээч 10 гаруй хоногийн өмнө Японы судлаачидтай хамтраад манайд нэг вариант байна гэж тогтоосон. Энэ нь UK нэртэй ч вариант нь өөр. Үүнийг тогтооход их хугацаа орохгүй. Гол нь лаборатори хэрэгтэй. Манайд ойрхон гэвэл ОХУ-ын Новосибирск хотод лаборатори байна. Заавал Япон, БНСУ гэлтгүй. Одоо ажиглалтаар манайд тархаж байгаа хурд ОХУ-д халдвар нэмэгдэж байгаа хурд яг адилхан байгаа. Иргэдийн зорчиж байгаа хөдөлгөөнөө бодсон ч манайд ОХУ-д илэрсэн вариант байж магадгүй. Эхний ээлжинд бид одоо авсан дээжнүүдээсээ ОХУ руу харилцан тохироод явуулж шинжлүүлж болно. Түүнийгээ тогтоосны дараа үнэхээр шинэ вариант байх юм бол хамгийн сайн вакцинаар бүүстер хийхээс өөр арга байхгүй. Мөн өмнө нь хийсэн вакцины дархлаа үргэлжлэх хугацаа 6-аас дээд тал нь 10 сар гэж ярьж байгаа. Үүнийг яг нотолсон хүн байхгүй. Синофармын вакцин сул байлаа гэж бодоход өнгөрсөн гуравдугаар сард вакцин хийлгэсэн хүмүүс ирэх ес, аравадугаар сард вакцин нь сулрах магадлалтай. Тиймээс бидэнд намар арав, арваннэгдүгээр сард дараагийн бүүстер вакцин хийхээс өөр аргагүй болно. Тиймээс түүнийгээ тооцоод маш олон хувилбараар төлөвлөгөөгөө бэлдэх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм.
Манайхтай адилхан нөхцөл байдал хүндэрсэн улсууд бол Энэтхэгийн далайд байгаа 200 гарна мянган хүн амтай арал байна. Яг л АстраЗеника, Синофармын вакцин хийсэн улс. Тавдугаар сарын эхээр хамгийн эхэлж халдварын давлагаа гарсан улс. Араас нь Бахрайн, Арабын Нэгдсэн Эмират улс, манайх. Адилхан вакцин хийсэн улсууд. Арабын Нэгдсэн Эмират улс, Бахрайн улс энэ сарын эхээр иргэдээ Файзер вакцинаар бүүстер хийгээд эхэлсэн.
Тиймээс бид
- Нэгдүгээрт вакциндаа байна.
- Хоёрдугаарт ямар вариант байгааг үзэх ёстой.
- Гуравдугаарт вакцины хамралт.
Гурван төрлийн хүчин зүйлийг бид бодох ёстой. Манай улсын вакцины хамралт хангалттай бус гээд байгаа шүү дээ. Хүүхдүүд, хамрагдаагүй хүмүүс байгаа учраас сүргийн дархлаа гэдэг чинь тийм амар тогтохгүй байна гэдгийг хэлээд байгаа юм” гэлээ.
Тиймээс л төр засаг өмнөх алдаагаа давтахгүйгээр мэргэжлийн хүмүүсийн шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа, дүгнэлтийг үндэс болгон хүүхэд залуустаа гар татахгүй чанартай вакцин оруулж ирнэ гэдэгт найдаж байна.
Одоо л төр засгийн оновчтой зөв шийдвэр халдварын тархалтыг хумихад чиглэх ёстой. Түүнээс биш хатуу хөл хорио тогтооно, тогтоохгүй хэмээн цаг алдаж, наадмаа хэрхэх талаар ярилцсаар намар халдварын тохиолдол, ачааллаа дийлэхгүй хүндхэн байдалд хүрэх вий.