УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар намынхаа дотоод асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авлаа. 1990 оноос хойш хэзээ ч ийм санал авч байгаагүй. АН-ын Онц их хурлыг зарлаж нэг удирдлагатай болгох санал намын жирийн гишүүдээс их ирж байна. Энэ санаачилгыг дэмжүүлэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Гарын үсгээ зурахыг хүссэн АН-ын гишүүд намынхаа үүрүүдэд очиж гарын үсгээ зураарай" гэв.
АН-ын гишүүн З.Нарантуяа:
Өнөөдрийн бид гурвын гаргаж байгаа санаачлага зөвхөн АН-ын асуудал биш. Монголын парламентад сөрөг хүчнээс тавих хяналтыг чангатгах сөрөг хүчний чадамжийн тухай асуудал. АН эв нэгдэлгүй байгаагийн улмаас сүүлийн УИХ-ын хоёр сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилтгүй оролцлоо. Цаашид хариуцлагаа хүлээж огцорч чаддаг намын удирдлагатай байх улс төрийн соёл суулгахад чухал ач холбогдолтой. АН нийгмээс дэмжлэг авахаа байсан улс төрийн хүчин биш. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч хичнээн бага санал авсан ч гэсэн сонгуульд оролцоогүй нийт сонгогчдын 42 хувь цаана нь үлдсэн. Иймээс АН зайлшгүй сэргэн босох шаардлагатай. Хоорондоо таарч зохицохоо больсон лидерүүдийн улмаас АН тарж бутарна гэсэн ойлголт байхгүй. Сонгуульд оролцоогүй иргэд сонголтгүй учраас саналаа өгөөгүй гэж ойлгож байна.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин:
АН өөрөө дотроо хоёр хуваагдаж нэг нэгэндээ дэгээ тавьж байгаа энэ үед бид шургаж унах нөхцөл байдалд байна. Хуваагдсан хоёр тал нэг нэгэндээ дэгээ тавихаас илүүтэй босож зогсоод хоёр биенээ дэмжиж урагшаа алхах цаг болсон. Ардчилсан намгүй болж буй сонгууль, ардчилсан хүчингүй өрнөж буй үйл явцын хохирогч иргэд байна. Тамганы булан барьж булаацалдаж байгаа хүмүүс гишүүдээ хонь адил хашаанд хашиж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тийм учраас өөр хооронд босгосон хашаа хороогоо нурааж, гишүүдээ хонь гэж харахаас илүүтэй энэ орны тусгаар тогтнолд хүч өгдөг итгэл үнэмшилтэй иргэд гэж харж нэгдэх цаг болсон байна. Энэ намд хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тэр итгэлийг өөр хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.