Манай энэ удаагийн “ТЭР” нэвтрүүлгийн дугаарт хүний их эмч Б.Баярбямба оролцлоо.
Нийтийн эрүүл мэндийн төлөө ажиллаж буй түүнийг олон нийт Цахим эмч нэрээр нь сайн мэднэ. Энэ нь хүний өвчнийг шууд эмчлэхээс илүүтэй, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, нөлөөлөх зорилготой юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Анх намайг Цахим эмч гэхээр хүмүүс, “энэ одоо компьютер засдаг юм уу” гээд л шүүмжилж байсан. Гэсэн ч өгсөн зөвлөгөө маань хүмүүст хэрэг болж байгааг хараад их урам ордог байлаа. Миний хийж буй ажил “Эрүүлжье залуужъя, урт наслая” гэсэн уриатай. Өөрөөр хэлбэл идээ ундаа, идэвхтэй хөдөлгөөн, инээд баясал энэ гурван зүйлийг л дадал болгож чадвал хүн эрүүл, залуу, мөн дээр нь урт наслах юм шүү дээ” гэв.
Мөн тэрээр төвийг сахисан үзэл бодлынхоо ачаар хүнд хэцүү бүхнийг төвөггүй давдаг талаараа ч хуучилсан юм. Түүнд хийж үзээгүй ажил гэж үгүй. Оймс худалдаалахаас эхлэн барилга дээр ажиллаж байсан тухайгаа ч нэвтрүүлгийн үеэр хуучилж байв. “Оймс үүрээд л яваад байдаг болохоор найзууд маань ОЙМС БАЯРАА гээд дууддаг байлаа. Би энэ хочиндоо их дуртай” хэмээн инээд алдан ярьж суусан юм.
–Янз бүрийн ажил хийх болгонд түүнээс шинэ зүйл мэдэрч, шинэ өнцөг харж байдаг. Бас аливаа зүйлийг өөртөө дадуулж байдаг.Тогтоол ус өмхийрдөг гэдэгтэй адилхан нэг тойрогтоо л байгаад байх юм бол тэндээ дасчихдаг шүү дээ. Тиймээс аль болох нэг чигийнхээ зүйлсийг олон талаас нь хийж үзье гэсэн бодолтой явдаг.
–Олон нийтэд зөвлөгөө өгч байгаа хүний хувьд хэлж байгаа үг үсэг маань хүртэл нотлогдож, судлагдсан байх ёстой. Миний амнаас гарч байгаа үгэнд үзэл бодол шингэсэн байх ёсгүй гэж үздэг. Харин TV5-ынхан маань миний санаа төслүүдийг уриалгахан хүлээж авснаар олон нийтэд зориулсан нэвтрүүлгээ хийгээд гурав гаруй жил болж байна. Энэ хугацаанд 100 гаруй дугаар хийжээ. Хүмүүсийн асуух гээд байгаа асуултад хариулсан бүрэн нэвтрүүлэг хийсэндээ өөртөө баяртай байдаг.
Цахим эмчийн эмзэглэж явдаг асуудлын нэг нь бага болон өсвөр насны хүүхдүүдийн өвчлөл юм. Тэрээр, “Энэ асуудлыг шийдэхийн тулд эрүүл хүнс л хэрэглэх хэрэгтэй. Хэрэглэж буй хүнснээсээ үүдэн хүүхдүүдэд хорт хавдартай болж байгаа. Тиймээс аль болох анхдагч хүнс хэрэглэх хэрэгтэй” гэсэн юм.