Бидний Ерөнхийлөгчөө сонгох найм дахь удаагийн сонгууль 56.45 хувийн ирцтэй өндөрлөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ сонгуулийн үр дүнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү" хэмээн жиргэжээ.
С.Эрдэнийн хувьд сонгуулийн урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын зургаан хувь буюу 72.800 хүний санал авч, чүү ай цагаан сонголтын өмнө орж, ард түмнээс хатуухан хэлэхэд “Баяртай” гэх үг хэлүүллээ.
УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 2016 оных шиг мөн л үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүний хариуцлагыг тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ хүлээж буйгаа мэдэгдэн, тамгаа Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн сандал суудал, тамга тэмдэгний хэрүүл хийж, “Би намын дарга хэвээрээ” гэсэн зүйл ярьсан. Энэ үйл явц АН-ыг эв нэгдэлгүй харагдуулсан нь нууц биш.
АН-ын нэр хүнд ёроолдоо тултал унаж байж босно гэж нэгэн нийтлэлч хэлж байсан удаатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц тоолоход АН, МАН-тай бус харин “цагаан сонголт”-той ана мана үзэлцэн дээр доороо орж тоологдож байсан нь харамсалтай. Сонгуулийн урьдчилсан дүнгээр парламентад ганц суудалтай намын нэр дэвшигчид хол тасархай ялагдал хүлээсэн нь ч үнэн.
Ардчиллын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан, анхдагчуудын нэг тэрээр 200.000 гишүүнтэй намаасаа дэвшээд 72 мянган хүний л санал авлаа. Энэ нь намаа муухай харагдуулж, жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдсан болохоор тэр болов уу.
Одоо болно оо, С.Эрдэнээ. АН-д маш том сургамж биш гэж үү. Улс төрийн карьерээ өндөрлөвөл зүгээргүй юу. Монголын төрд хийсэн гай, гавьяа аль аль нь түүх болоод үлдэнэ. Баяртай С.Эрдэнэ.
Ардчилсан нам өөрсдөдөө салхи оруулж, шинээр цус сэлбэхгүй бол сэхээний орон дээр амьсгалын аппаратыг нь салган үхлийн цагийг нь зарлах вий дээ ард түмэн чинь.