Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өчигдөр орон даяар болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн урьдчилсан дүнгээр 242,805 хүний санал буюу нийт сонгогчдын 20.1 хувийн саналыг авч МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүхийн дараа жагслаа.
Сонгуулийн сурталчилгаа 14 буюу цөөн хоногт үргэлжилсэн ч тэрээр чамгүй олон иргэдээс санал авч улс төрийн томоохон хүчин болох АН-аас нэр дэвшигчийг ардаа орхиж чадсан юм. Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхийг бичилцсэн АН ийнхүү ердөө парламентад ганц суудалтай эвсэлд өвдөг шороодлоо.
Д.ЭНХБАТ ХҮН-ИЙН ХҮСЭЛТЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДСӨН
УИХ-д нэг суудалтай нам болох Хөдөлмөрийн үндэсний нам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн сойсон. Тодруулбал, Д.Энхбат, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар өрсөлдөж, Д.Энхбат олонхын санал авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон юм.
Д.Энхбат 2009 онд УИХ-ын гишүүн байх үедээ сөрөг хүчингүй эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд, 2000 оноос хойш төсвийн зардал хэд дахин нэмэгдсэн зэрэгт шүүмжлэлтэй хандаж, Монголын уул уурхайн корпорац байгуулах замаар олон улсын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож, стратегийн орд газруудаа яагаад өөрсдөө хөдөлгөж болохгүй гэж гэх зэрэг байр сууриудыг илэрхийлж байжээ.
Хамгийн сүүлд тэрээр Монгол Улс дахь засаглалын хямралыг улс төрийн намуудын хоцрогдол, ялангуяа намууд дотоод ардчилалгүй болоод байгаатай холбон тайлбарлав. Улмаар сонгуулийн тогтолцоогоо дагаад төрийн боловсон хүчний бодлого, мерит зарчим, залгамж халаа алдагдсан. Энэ нь эргээд Монголын төрийн нэгдмэл байдлыг алдагдуулж, сонгуульд мөнгө өгсөн хүмүүст эрх мэдлийг дөрвөн жилээр түрээсэлдэг байдалд төрийг аваачсан гэж тодорхойлсон юм.
Нэр дэвшигч Д.Энхбат нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад "Зөв ХҮН электорат" эвслээс Дангаасүрэнгийн Энхбат миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, мөн манай дэмжигчид, хамтран зүтгэгчдийн хүсэл мөрөөдлийг тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгаа төгөлдөржүүлэх, ялангуяа монголын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, шударга ёсны төлөө, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг улсынхаа хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө ийм хөтөлбөртэйгөөр оролцоно.
Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Дараагийн 30 жил яаж амьдрах уу, дэлхий дээр ямар байр суурь эзлэх үү, залуучууд хүүхдүүдэд ямар өв үлдээх үү гэдэг шинэ сонголтын өмнө ирж байна. Дэлхий ертөнц ч өөрчлөгдөж байна. Бид 21 дүгээр зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэж ажиллах ёстой болж байна” хэмээн онцолсон байдаг.
"Монголчууд чадна" гэсэн уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн түүний баг “30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ”.
Тиймдээ ч АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ, цагаан сонголтын өмнө гишгэж улс төрд шинэ салхи сэвэлзэх цаг хэдийнээ болсныг 14 хоногийн хугацаанд харууллаа.
Сонгуулийн сурталчилгаа дуусахаар өмнө буюу зургаадугаар сарын 4-нд гэр бүлийн хүнийнхээ хамт ковидийн халдвар авч тусгаарлагдсан. Гэсэн ч эмнэлгийн тагтнаас иргэд, сонгогчдодоо хандан мэдээлэл хийж, сонгуулийн хаалтаа ч ёслол төгөлдөр дуусгасан. Ерөнхийлөгчийн мэтгэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай хамгаалалтын алба түүнд боломж олгоогүй. Гэхдээ л тэрээр гадаадад санал өгсөн 5000 иргэний 4000 саналыг авч чадсан. Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн гадаад дахь Монголчуудын 75.4% нь Д.Энхбатыг дэмжжээ.
Д.ЭНХБАТ: САЙН ЦАГ ӨӨРӨӨ ИРДЭГГҮЙ, ТҮҮНИЙГ АВЧИРДАГ
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай! Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт!" хэмээн бичсэн юм.
Хөдөлмөрийн Үндэсний Намд баяр хүргэе! Анхны ерөнхийлөгчийн сонгуульдаа чамлахааргүй өндөр амжилттайгаар оролцлоо.