МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийнхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Монголынхоо ард түмэндээ энэ оройн мэндийг хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль албан ёсоор явагдаж, өндөрлөлөө. Манай ард иргэд телевизээр сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээллийг бидэнтэй хамт авч байгаа гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны иргэдийн 60 орчим хувь оролцсон байна. Энэ 60 хувиас МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Үүнийг би асар их хариуцлага гэж ойлгож байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монголын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эх орондоо их зүйл хийгээрэй гэсэн итгэл найдварыг үзүүлж, энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж ойлгож байна. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно.