Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхлэлээ. Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох учиртай. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Тус сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.
Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах тухай мэдээлсэн.
Иргэн та санал авах байрны хаяг, байршлын талаарх мэдээллийг сонгогчийн лавлах 1800-2800 утаснаас болон election.burtgel.gov.mn хаягаас авах боломжтой. Саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очно.
Сонгогчийн лавлах 1800-2800 дугаар 08:00-20:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй.
Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалтаа зүүж, санал өгөхийг зөвлөлөө.