Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.
Өнөөдөр монголчууд зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд хэдэн онцлогтой. Монголчууд 1993 оноос хойш Төрийн тэргүүнээ дөрөв дөрвөн жилээр сонгож ирсэн бол энэ удаагийн сонгуулиас эхлээд зургаан жилээр сонгоно. Түүнчлэн нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэг удаа нэр дэвших эрхтэй байлаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм дахин нэр дэвших болзолгүйгээр зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
1993 оны сонгуулиас хойш найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 16 хүн нэр дэвшээд байна. Үүний 18 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй юм.
Өмнөх долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харахад АН-аас дөрвөн удаа, МАН-аас гурван удаа сонгогдон ажиллаж байжээ. Сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшчигчид дараалан ялалт байгуулсныг дараах инфографикаас харж болно.
Өмнө нь бид ерөнхийлөгчөө дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог байсан ба нэг хүн хоёр удаа сонгогдох эрхтэй байв. Үндсэн хуулиа шинэчилж ерөнхийлөгчөө сонгодог болсноос хойш нийт таван хүн Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байснаас хоёр нь буюу Нацагийн Багабанди, Цахиагийн Элбэгдорж нар хоёр удаа сонгогдсон байдаг.
Тэгвэл 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай ганц удаа сонгохоор тусгажээ. Ингэснээр 2021 оноос эхлэн сонгогдож буй ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил үргэлжилнэ.
Сонгуулиас сонгуулийн хооронд өссөөр буй зардал
Бүх шатны сонгуулийг зохион байгуулахад гарч буй зардлыг УИХ тухайн жилийн төсөвт суулгаж өгдөг. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад гарч буй зардал татвар төлөгч бидний халааснаас гардаг. Харин энэхүү зардал сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдсээр байгааг дараах графикаас харж болно.
Сонгуулиас сонгуулийн хооронд буурсан буй сонгогчдын ирц
Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал нэмэгдсээр байгаа бол сонгогчдын ирц сонгуулиас сонгуулийн хооронд буурсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт түүхэндээ анх удаа дахин санал хураалтаар үргэлжлэв
2017 онд түүхэндээ анх удаа дахин санал хураалт явуулсан. Хэдийгээр иргэдийн сонгуульд оролцсон ирц 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо гарсан ч нэр дэвшигчдийн нэг нь ч саналаа өгсөн хүмүүсийн олонхын (50%+1) санал авч чадаагүй. Тиймээс хуулийн дагуу нэр дэвшигчдийн хамгийн олон санал авсан хоёр нь дахин санал хураалтаар өрсөлдөн өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга ялалт байгуулсан.