Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тулгамдсан асуудлыг багц асуудлыг шийдвэрлэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт үүрэг болгосон тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж 2022 оноос хэрэгжих шинэ хөтөлбөрийг боловсруулан батлуулах даалгавар өгчээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие даан амьдрах бололцоо, үйлчилгээний эрх зүйн боломжийг хангах үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг, чиглэлийг өгсөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн талаар хөндөн ярилцжээ. Тус заалтад 25 болон түүнээс дээш ажилчинтай байгууллага зайлшгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон одой иргэнийг ажиллуулахаар заасан байдаг. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол тодорхой төлбөр төлдөг байна. Ерөнхий сайд төлбөр хураамж авахаас илүүтэй үүргээ биелүүлэх хэрэгтэйг онцолж, төрийн байгууллагуудад заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахыг үүрэг болгохын зэрэгцээ хувийн байгууллагуудад уриалжээ.
Дээрх шийдвэрээ үлгэрлэж Ерөнхий сайдын ажлын албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл томилох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан байна. Тодруулбал, Түгээмэл хөгжил төв, бие даан амьдрах төвийн тэргүүн Ч.Ундрахбаярыг Ерөнхий сайдын нийгмийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилох томилохоор болсон байна.
Мөн хуралдаанаар, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүрэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр, Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төвийн байрыг энэ жилдээ багтаан дуусгаж үйл ажиллагааг нь эхлүүлэхийг үүрэг болгов. Холбогдох төсвийг шийдвэрлэхийг Сангийн яаманд чиглэл болголоо.