Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хэдийгээр Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гараг бүр болдог ч маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр таарч, бүх нийтээрээ амрах тул ийнхүү өнөөдөр хуралдаж, хуралдааны эхэнд гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж мэдээллээ.
Энэ үеэр Ажлын байрыг дэмжих, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг танилцуулав. Өнөөдрийн байдлаар 3 хувийн хүүтэй зээлийг 16193 зээлдэгч аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байр хадгалж үлдээд байна. Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцолжээ.