Монгол Улсад мэтгэлцээнгүй Ерөнхийлөгчийн сонгууль болж буйн анхны тохиолдлол юм. Судалгаанаас үзэхэд энэ удаагийн сонгуульд хөвөгч сонгогчид их байгаа. Тэд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг үзэж сонголтоо хийнэ гэсэн хүлээлттэй байв. Гэтэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч 2-р эмнэлэгт тусгаарлагдсан гэх шалтгаанаар түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн тасрахад хүрлээ.
Энэ тухай МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар, “Бүгдэд тэгш боломж олгох үүднээс Д.Энхбат нэр дэвшигчийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад авчирч болох уу, эсвэл хоёр нэр дэвшигчээ эмнэлэгт аваачих уу, мөн шууд дамжуулалтын станц аваачаад хийх үү гэх гурван зам байгаа. Гэтэл телевизийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу 2-р эмнэлэгт нэвтрүүлж ажиллуулах, өвчтөнг авчрах, хоёр нэр дэвшигчийг аваачих боломжгүй гэсэн албан бичиг ирсэн. Иймээс энэ удаад халз мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй боллоо” гэв.
Ийнхүү өндөр хүлээлттэй байсан мэтгэлцээн явагдахгүй болсон нь сошиал сүлжээнд олон нийтийн шүүмжлэлийг өрнүүлж эхэлсэн юм. Үүнтэй холбоотой МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Манай нэр дэвшигч мэтгэлцэхэд бэлэн " гэж цахим хуудсаараа мэдэгдэв.
Улмаар хэд хэдэн хүмүүс клуб хаус дээр мэтгэлцээн зохион байгуулах санаачлага гаргаж 3 нэр дэвшигчийг урьсанд С.Эрдэнэ, Д.Энхбат нар орж ирэв. Тэд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг удаан хүлээсээр мэтгэлцээн өрнөөгүй өнгөрсөн билээ.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Хэн нэгэн нэр дэвшигч мэтгэлцээнээс татгалзаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох гэж байгаа сонгууль. Цахим орчимд хэсэг бүлэг хүмүүсийн тэргүүнийг сонгох гэж байгаа сонгууль биш. Өөрсдийн санаачилгаар мэтгэлцээн зохион байгуулна гэх нэрийн дор бусдыгаа оролцохгүй байна гэж ярьж болохгүй. Манайд клабхаус дээр мэтгэлцээнд оролцох урилга ирээгүй байна. Яаж зохион байгуулсан юм мэдэхгүй. Өөрсдөө зохион байгуулаад явж байх шиг байна” хэмээн тайлбар тавьсан юм.