Агаар мандлын орчил урсгалтай холбоотойгоор уур амьсгал өөрчлөлтөд орж цаг агаарын байдал өөрчлөгдөж байна. Манай оронд сүүлийн жилүүдэд хэт хүйтэрч, хэт халж буй үзэгдэл нь дэлхийн туйлыг тойрох хөдөлгөөний эрчим суларч байгаатай холбоотой юм.
Энэ талаар Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Г.Баясгалан, “Цаг агаар тодорхой хугацааны давтамжтайгаар дулаарч хүйтрэх процесс байнга явагдаж байдаг. Өнгөрсөн оны зун нэгдүгээр 10 хоногтоо сэрүүхэн, хоёрдугаар 10 хоногтоо их дулаахан байсан. Харин гуравдугаар арван хоногтоо бороо орж сэрүүссэн байдаг. Энэ жилийн хувьд мөн адилхан Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр, мөн Сэлэнгэ, Булган, Хэнтийн аймгуудаар харьцангуй хур тунадастай сэрүүхэн байна.
Саяын хоёр гурав хоногийн хугацаанд тодорхой хэмжээний халалт боллоо. Энэ нь ямар нэгэн шалтгаан гэхээсээ илүү агаар мандлын орчил урсгалтай холбоотой үзэгдэл юм. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд сүүлийн жилүүдэд дулаарч байна гэж яриад буй. Энэ нь зарим тохиолдолд хүйтрэх, зарим тохиолдолд халах нөхцлөөр илэрдэг. Хамгийн ойрхон жишээ гэвэл 2020 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл Монгол орны ихэнх нутгаар дулаахан байсан шүү дээ. 11 дүгээр сарын 20-ниос эхлээд огцом хүйтэрч нэгдүгээр сарын 10-ныг хүртэл Монгол орны ихэнх нутгаар хүйтэн цастай байсан. Харин нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сар хүртэл маш дулаахан байсан. Тэгэхээр энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн туйлыг тойрох хөдөлгөөний эрчим суларч, уртрагийн дагуух агаарын массын шилжилтүүд зонхилж байна гэсэн үг. Тиймээс зарим тохиолдолд хэт халаад зарим тохиолдолд хэт хүйтрэх нөхцөл бүрдэж байна.
Жилийн дөрвөн улиралд өөрчлөлт орно гэж байхгүй. Өөрөөр хэлбэл уур амьсгалын хувьд зуны улирал байхгүй болно, эсвэл хавар намрын улирал байхгүй болно гэсэн зүйл огт байхгүй" гэлээ.
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо , уулахраг нутгаараа нойтон цас орно. Говь тал хээрийн нутгаар салхи шуургатай сэрүүн байна. Мөн энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар дулаарч байгаа юм. Хэт халалттай холбоотойгоор түр зуурын аадар бороо орох учраас иргэд түр зуурын бороог дагалдаж байдаг нөөлөг салхи, дуу цахилгаанаас сэрэмжлэхийг анхааруулж байна.