Монголын хөл бөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд сүүлийн тоглолтоо Киргизийн багтай өчигдөр хийлээ. Уг тоглолт Киргизэд болох байсан ч цар тахлын улмаас Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.
Шигшээ багийн хувьд урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн байранд бичигдэж буй ба өнгөрсөн тоглолтоо Японы шигшээ багтай хийж 14-0 харьцаагаар хожигдсон. Киргизтэй өөрийн талбай дээр хийсэн тоглолтод манай баг 2-1 харьцаагаар хожигдсон.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, япон мэргэжилтэн Масэ Шүичи анх удаа багаа удирдсан тоглолт юм.
Тоглолтын өмнө Киргизийн багт коронавирусний халдварын сэжиг илэрсэн тул хэд хэдэн тоглогч, дасгалжуулагч нарын хамт тусгаарлагдсан.
Хэдий чансаагаар Киргизийн баг хол илүү ч тоглолт тун тэнцүүхэн явагдсан. Монголын баг эхний үед 34 дэх минутад О.Мижиддоржийн гоолоор тэргүүлж эхэлсэн. О.Мижиддоржийн гоол Монголын Үндэсний шигшээ багийн түүхэнд 100 дахь гоол байв.
Үндсэн цаг дуусаж Монголын шигшээ баг Киргизийг 1-0 харьцаагаар хожлоо. ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд ийнхүү Монголын шигшээ баг анх удаа шалгарлаа.