Монголын Кулинарын холбооноос “КУЛИНАРЫН ОД” цол олгох аудитын үнэлгээний хорооны дүгнэлт болон үйлчлүүлэгчийн санал, үнэлгээг үндэслэн судалгаа хийж, Дэлхийн тогооч нарын холбоо, Олон улсын аяллын хоол үйлдвэрлэлийн холбооноос үйлчилгээний зэрэглэл тогтоох комиссын ирүүлсэн саналаар “ЧОЙЖИН ТЕМПЛ” зоогийн газарт “КУЛИНАРЫН ГУРВАН ОД”-ийн зэрэглэлийн цол олгожээ.
Манай оронд ОУ-аас гурван одын цол хүртсэн хоёр зоогийн газар бий юм.
“Чойжин темпл” ресторан нь 2016 онд байгуулагдаж 2017 оны нэгдүгээр сард албан ёсоор нээлтээ хийж байсан юм. Нээлтээ хийгээд удаагүй Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг “Алтан луужин” тэмцээнд орж “Оны шилдэг ресторан”-аар шалгарчээ. Мөн 2018 онд "Forbes Mongolia” олон улсын сэтгүүл дээр Улаанбаатар хотын тансаг зэрэглэлийн ресторануудын гурав дугаарт, 2019 онд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Энэ талаар “Чойжин темпл” рестораныг үүсгэн байгуулагч, захирал Ё. Байгаль, "2020 онд манайх Зайсангийн “Golden budda”-д хоёр дахь салбараа нээсэн байгаа. Манай рестораны үйл ажиллагаа үргэлжид яг нэг чанараар байдаг. Нэг үлэмжийн чанартай хоолоо хийдэг гэсэн үг. Үйлчлүүлэгч жилийн дараа, сарын дараа, маргааш нь орж ирэхэд хоолны амт чанар өөрчлөгддөггүй. Нэг стандартаа барьдаг. Бид газар дундын тэнгисийн хоолоор дагнасан компани юм. Энд Марокко, Итали, Испани, Турк зэрэг улсын хоолны зохицлыг олж, тэдгээрийн амтыг Монголын үйлчлүүлэгчдээ зохицуулж хийдгээрээ онцлогтой.
Монгол үхрийн чөмөгтэй стейк нь манай Чойжин нэрийн хоол. Энэхүү нэрийн хоол маань манай рестораны өрнө дорнын зохицлыг илэрхийлж өгдөг.
Манай хоёр ресторан хоёулаа нийлээд 40 гаруй ажилтантай. Ажилтнууддаа ур чадвартай, туршлагатай гэхээс илүү зөв хандлагыг шаардлага болгодог. Өөрөөр хэлбэл тухайн хүний эерэг хандлага чухал байдаг.
Мөн бид Цагаан өвгөнөө дээдэлж залсан. Өв соёл түүхээ дээдэлж онцлогийг бүтээснээр жуулчдыг татах нь бий. Дотоод засал маань Монгол орчныг бүрдүүлж, сүмийн цамуудаар чимэглэгдсэн байдаг.