"Амазон"-ыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос ирэх сард өөрийн бүтээсэн хөлгөөр сансарт нисэхээр болсноо өчигдөр зарлажээ.
Тэрбээр сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Blue Origin компанийг байгуулсан бөгөөд тус компанийн зохион бүтээсэн New Shepard хөлөг ирэх сарын 20-нд анх удаа хүн тээвэрлэж сансарт хөөрөхөөр болсон. Безос сансар руу өөрийн төрсөн дүү Марк Безостой хамт аялахаар болсон талаараа мэдээлсэн байна.
Тэрээр “Би таван настайгаасаа хойш сансарт нисэхийг мөрөөддөг болсон. Долдугаар сарын 20-ны өдөр би дүүтэйгээ хамт сансарт нисэхээр боллоо” гэж инстаграм хуудсандаа нийтэлжээ.
New Shepard хөлгийн анхны аялалд дахиад нэг суудал бий. Гурав дахь суудлыг олон улсад дуудлага худалдаагаар зарж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ өрсөлдөөнд дэлхийн 143 улсын 6000 орчим хүн өрсөлдөж, үнэ нь 2.8 сая ам.доллар хүрчээ.
New Shepard хөлгийг өнгөрсөн хугацаанд хүнгүйгээр арав гаруй удаа амжилттай туршиж байв.
Хөлгийн нэр нь 60 жилийн өмнө сансарт ниссэн анхны Америк хүн болох Алан Шепардын нэрнээс гаралтай.