МҮОНРТ-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиг үүргийг зааж өгсний дагуу нэг модерортой таван сэдвийн хүрээнд ярилцахаар бэлтгэлээ базаасан.
Өнөөдөр бид 17:30 минутад 19:00-21:00 цаг хүртэл хоёр цаг халз мэтгэлцэхээр төлөвлөн ажиллаж байсан.
Бид нэр дэвшигчидтэй гурван удаа уулзаж бэлдсэн форматууд, үндсэн дэгээ танилцуулж байлаа. Хэдийгэр бид мэтгэлцээн үргэлжлэх хугацааг 90 минут гэж төлөвлөж байсан ч намын төлөөлөл ирж уулзан нэр дэвшигч нарт хангалттай ярих хугацаа өгөх хэрэгтэй гээд мэтгэлцээнийг 120 минут болгосон.
Намуудын нэр дэвшигч нартай тохиролцсоны үндсэн дээр бэлтгэл ажлаа сайн хангасан байлаа. Бид 60 орчим сая төгрөгийн төсөв гаргаж 160 хүний бүрэлдэхүүнтэй өнгөрсөн долоо хоногт мэтгэлцээнд бэлдсэн. Манай мэтгэлцээний багийн 190 орчим хүн ковидийн түргэвчилсэн оношлуурт хамрагдаж бүгд сөрөг гарсан.
Өчигдөр ХҮН-аас бидэнтэй ирж уулзан нэр дэвшигч Д.Энхбат ковидийн халдвар авсан учраас мэтгэлцээнийг яаж явуулах талаар ярилцсан. Тэрээр халдвар авсан нь хоёр шинжилгээний дүнгээр батлагдсан. МҮОНРТ бүгдэд тэгш боломж олгох үүднээс ХҮН-аас гаргасан санаачилгын дагуу нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан студид авчирч хийж болох эсэх талаар ярилцсан. Мөн гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийж болох уу гэдэг гарц гаргалгааг хайсан. Мөн явуулын станцаар Д.Энхбатыг эмнэлгээс хоёр нэр дэвшигчийн студиэс явуулахаар Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэг рүү албан бичиг явуулсан. Нөгөө хоёр намаас мэтгэлцээн явуулья гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлгээс өнөөдөр бидэнд хариу илгээсэн. Үүнд, ковидийн улаан бүс рүү хүн оруулах боломжгүй, мөн хүн гаргах боломжгүй, УОК, ЭМЯ-наас гаргасан журмыг дагуу боломжгүй гэдэг албан бичгийг бидэнд илгээсэн. МӨН бид Төрийн тусгай хамгаалалтад хандсан. Аль ч хувилбараар тийм боломж байхгүй гэдэг хариултыг өгсөн. Тиймээс энэ удаагийн улс төрийн халз мэтгэлцээнийг явуулах боломжгүй болсныг дуулгаж байна” гэлээ.
Улс төрийн халз мэтгэлцээн цахимаар болсон түүх, жишээг өнөөдрийн байдлаар бид олж үзээгүй гэдгийг тэрээр онцоллоо.