Хүн миний хийсэн шивээсээр бахархаад, гайхуулаад явж байгааг сонсох гоё
Шивээс бол зэрлэг авиртай, гэмт хэрэгтэн гэх мэт хүмүүсийг илэрхийлсэн тэмдэг хэмээн үздэг байсан цаг хэдийнээ ард хоцорч, урлагийн бүтээл болтлоо хөгжин цэцэглэсээр байгаа юм. Өдгөө залуус бүгд ямар нэгэн байдлаар шивээс хийлгэж, өөрийн дотоод ертөнцөө илэрхийлэхийг хичээх болсон. Зарим нь маш их зүйлийг бодож шивээс хийлгэдэг бол, зарим нь ердөө бусдыг дуурайж, харагдах байдлаас нь хамаарч бие дээрээ арилгаж болохгүй зүйлсийг зуруулж, бичүүлдэг. Бид энэ удаад монголд гарын таван хуруунд багтах авьяаслаг, эмэгтэй шивээсчин бүсгүйг “Тэр” буландаа урьж ярилцлаа. Түүнийг Төрмөнхийн Ундрах гэдэг “Sirvana” салоны шивээсчин.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Төрмөнхийн Ундрах гэдэг. Би 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Д.Батмөнх багштай суурь уран зургийн ангийг төгссөн. Одоо Sirvana салонд шивээсчнээр ажилладаг.
-Урлагийн бүтээл хэмжээнд бүтэн биеийн шивээс хийдэг эмэгтэй шивээсчин манайд ховор. Хэзээнээс шивээсийг сонирхож эхэлсэн бэ. Багаасаа л шивээсэнд дурласан уу?
-Өөрөө шивээс сонирхдог, өөртөө хийлгүүлж байсан. Яг шивээсчин болно гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан.
Багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Зураг зурахаараа ямар нэгэн бодогдох санагдах зүйл байхгүй болоод тайвшраад ирдэг байсан. Өөр ертөнцөд очсон юм шиг л.
Арван жилдээ ороод даруухан болоод онц сураад, олимпиадад их орно. Тоо ч бодно. Номын санч, түүхч, тооны багш болох боломж байсан. Дүрслэх урлагийн сургуульд очиж конкурс өгөөд оноо маань тэнцэн Д.Батмөнх багшийнхаа шавь болсон.
Нэр ус тодроогүй дөнгөж төгссөн оюутны хувьд зургаараа амьдрах хүндрэлтэй байсан. Тэгээд шал өөр салбар руу орсон. Оюутолгойд нэг ажил ажилласан. Австралид уул уурхайн чиглэлээр ажилласан. Хангамж бааз суурь сайтай мөнгө олоод гайгүй амьдраад байгаа мөртлөө сэтгэлд нэг зүйл дутуу байгаад байдаг байсан. Ажлаасаа кайф авдаг зүйл байхгүй. Сайн ажилладаг, тушаал дэвшиж явсан. Тэгсэн ч сэтгэлийн ханамж байхгүй. Тэгээд урлаг руугаа буцаж орсон доо.
Уул уурхайн чиглэлээр 10-аад жил яваад Австралид ажилладаг байхдаа бас л шивээсэнд дуртай хэвээрээ шивээс хийлгүүлээд л. Тэгээд л нэг өдөр би ер нь хийж болох юм байна, чадах юм байна гээд шивээсний салонд туслахаар ороод хоёр жил дагалдаж сурсан. Миний багш 45 жил шивээс хийсэн мундаг Маори хүн. Маш их азаар тэр хүний шавь болоод туршлага мэдлэгээс сураад эх орондоо ирээд ажлаа хийгээд явж байна.
-Хүмүүс ихэвчлэн бие дээрээ ямар шивээс хийлгэдэг вэ?
-Шивээсийг хүн дуртай, хайртай зүйлээ бие дээрээ шивүүлдэг учраас яг тухайн хүндээ илүү үнэ цэнтэй байдаг. Хийж байгаа зүйлээ мэдэх хэрэгтэй. Тэр хүнд өвчин зовлон өгөх юм бол тэр чинь маш том үйлийн үр болно. Тиймээс хичээгээд зөвхөн тэр хүнд урлаг өгнө гэж боддог.
-Гэрийнхэн тань анх шивээс хийлгээд ороход хэрхэн хүлээж авч байв?
-Манай ээж ойлгодог. Хүүхдийн сэтгэл судлаач, боловсрол судлаач, одоо УБИС-д багшилдаг профессор хүн. Ээжээсээ юмаа нуудаггүй. Их сургуульд байхдаа ажил хийж мөнгөө цуглуулаад анхныхаа шивээсийг анхны персингтэй хийлгээд очиход ээж “Чамд л сайхан байгаа бол яах вэ” гээд л. Цуглуулж байгаа бүх шивээс маань дандаа энерги, бэлгэдэлтэй, учир утгатай.
-Таны шивээснүүд ямар утга учир агуулдаг вэ. Бүгд өөрийн гэсэн түүх, дурсамж тээдэг болов уу?
-Манай багш зөвхөн надаас сурахаас гадна өөр зүйлсээс сур. Очоод шивээс хийлгүүл гэдэг. Хүнээс нэг зүйл, эсвэл нэг техник гээд мэдмээр, сурмаар байгаа зүйлээ очоод цаг захиалаад шивүүлээд хараад сурдаг. Тулга инкер гээд шивээсчин залуугаар хийлгэсэн охин тэнгэр Афина байна. Манай охиныг Афина гэдэг. Энэ миний унаж байсан төмөр хүлэг. Насаараа хамт байх гээд шивүүлсэн. Пикассогийн уран зураг байна. Төмсний улаан, цагаан уул цэцэг хоёр. Миний хүүхэд насыг санагдуулдаг.
-Эх орондоо эргэж ирээд хүсэж мөрөөдсөн чиглэлээрээ ажиллах ямар байна?
-Манай монголд байгаа шивээсний артистуудын хувьд үнэхээр бор зүрхээрээ явж байна. Яагаад гэвэл үйлчлүүлэгчдийн тодорхой хувь нь ойлгож, мэдэрч байна. Тодорхой хувь нь сайн ойлгохгүй байна. Шивээс хямдхан хийдэг зүйл биш. Сайн бэхээр, сайн машинаар хийнэ. Зардал их ордог. Ийм бага зардлаар ингээд хийгээд өг, хүрч ирээд хийгээд өг гэх зэргээр хүндлэх талаасаа жаахан дутагдалтай санагдаад байгаа. Зарим тохиолдолд яагаад тэр зүйлийг шивүүлж байгаа гэдгээ сайн судлаагүй юм уу, бодоогүй юм шиг санагддаг. Гоё харагдахын төлөө л юм шиг. Тийм үед бол жаахан хүлээгээч, наад зүйлийнхээ утга учрыг мэдээд ойлгоод хийлгэвэл илүү утга учиртай дараа нь ч харамсахгүй шивээс болно гэж хэлдэг.
-Энэ л зүйлийг шивүүлмээр байна гээд хүний хийлгэсэн шивээсний зураг бариад ирэх тохиолдол гарч байв уу. Та үүнд хэрхэн ханддаг вэ?
-Яг хүний хийлгэсэн шивээсийг хуулах онцгүй. Яалт ч үгүй хүсээд хийлгэх гэвэл жаахан элементүүдийг нь өөрчлөөд тэр шивсэн хүн, шивүүлсэн хүнийг хүндлэхгүй бол болохгүй шүү дээ. Баруун солгойгүй хуулах муухай.
Орчин үеийн шивээсний хөгжилд инстаграм тэсрэлт хийсэн. Бүх зүйл нээлттэй болж, залуучууд их сонирхож байна. Хүний санаанд тултал хийгээд шивээсээ хайрлагдахыг харах гоё доо.
Монголд шивээсний экспо болоосой гэж боддог. Хүн миний хийсэн шивээсээр бахархаад, гайхуулаад явж байгааг сонсох гоё.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим?
-Баримталдаг зарчим өөрөө өөртөө үнэнч байх, хүн өөдрөг байх тусмаа илүү аз жаргалтай болдог гэж боддог.
-Ойрын төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?
Ойрын үед хувийн амьдрал, карьерын төлөвлөгөө байна. Өвөг дээдсийнхээ нэрийг гаргах юмсан гэж боддог. “Тайж нар инк” гэсэн хаягтай шивээсний салонтой болно гэсэн мөрөөдөлтэй зүтгээд явж байна.
-Баярлалаа, ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.