Өрөг.мн сайтын редакц Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс нэг асуулт англиар асууж буй. Асуултыг сонгохдоо бид зориуд 2018 оны “Монголын Мисс” шалгаруулах тэмцээний үеэр оролцогчдоосоо асуусан асуултыг сонгосон юм. Хэрэв үзэгч та санаж байвал тэмцээнд оролцож байсан зарим миссүүд “If you could change one thing in this country, what would it be?” гэсэн асуултад хариулж чадалгүй нэлээн шүүмжлэлд өртөж байв.
Тиймээс МИССДЭЭ ТАВЬДАГ ШАЛГУУРАА "ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ" ТАВИВ. Гурван нэр дэвшигч өөрсдийгөө мөрийн хөтөлбөр, танилцуулгадаа Англи, Орос хэлтэй хэмээн бичсэн байсан тул энэхүү асуулт нэр дэвшигчдийг ядаж анкетаа үнэн зөв бөглөдөг эсэхэд сорилт болов.
Бид гурван нэр дэвшигчийн хоёроос буюу С.Эрдэнэ, Д.Энхбат нараас асуултаа асууж хариултаа авсан. Тэд манай сурвалжлах багт ямар нэг хүндрэл учруулалгүй асуултад хариулсан юм.
Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн БГД-ийн иргэдтэй 2021.06.05-ны 11:00 цагт уулзах үеэр нь бид асуултаа асуухаар очсон боловч олон давхар хамгаалалт нь уулзалт руу нэвтрүүлээгүй. Түүгээр барахгүй манай хэвлэл биш бол оруулахгүй, заавал МАН-ын хэвлэлийн албанаас зөвшөөрөл авч байж ор хэмээн 8810-тай утасны дугаар өгсөн юм. Тухайн дугаарын эзэнтэй холбогдсон боловч эргээд хариу хэлье гээд ахиж утсаа аваагүй.
Хэрвээ нэр дэвшигч У.Хүрэлсүх та анкетаа үнэн зөв мэдүүлсэн бол биднээс зугтаж, хамгаалагчдаараа хөөлгөхгүй асуултад хариулахыг хичээнгүйлэн хүсье.