Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: “Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1189 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 62585 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 989, орон нутагт 198, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн” гэлээ.
"Спутник V" вакцины хоёр дахь тунг татан авах ажлыг хийж байна. Хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Өнөөдрийн байдлаар 200 мянган орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.