Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд өнөөдөр нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын үед Улаанбаатар хотын ариутгал, халдваргүйтгэл болон хот, нийтийн аж ахуйн ажлыг шуурхай хийж гүйцэтгэж байгаа нийт ажилтнуудад талархсанаа илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа гэлээ. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм.
Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн хот болгох, хоггүй Улаанбаатар болгоход Захирагчийн ажлын албаны харьяа ажилтнуудын үүрэг оролцоо чухал байгааг онцолсон. Цаашид хууль эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна гэв. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тэрбээр “Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтой” гэлээ. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдсан. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй гэв.
Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий газрууд хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулсан. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр зуны улиралд нэг наст цэцгийг тарьж байгаа талаар дурдлаа. Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа борооны ус зайлуулах байгууламжийг засаж, сайжруулсан талаар дурдаад цаашид засварлах шаардлагатай ус зайлуулах байгууламжийн талаар дурдсан юм. Улаанбаатар хотын үерийн ус зайлуулах байгууламжийн ихэнх нь насжилт өндөртэй байгаа аж.
Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах шаардлагатай байна гэв. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин нэмэгдүүлж өгөхийг Хотын даргаас хүслээ. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлыг хийхэд техник, хэрэгсэл шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж байсан юм. Мөн хог хаягдлын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлж байлаа. Тиймээс Хотын дарга албан хаагчдын санал хүсэлтийг хүлээж аваад аль болох дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр хот, нийтийн аж ахуйн ажилд зориулж парк шинэчлэлт хийх шаардлагатай байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын даргад талархсанаа илэрхийлээд цаашид хотын өнгө төрхийг сайжруулах чиглэлд хичээж ажиллана гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС