Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсын 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг нь сонсож, шийдэх арга замын талаар ярилцлаа. Энэхүү уулзалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд боллоо.
Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 55 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Бүгдийг тэгш хамруулахыг Засгийн газар анхаарахыг тэд хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих сан байгуулах, тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөр бүрд дохионы хэлмэрчтэй болох зэрэг саналыг иргэд Ерөнхий сайдад тавилаа.
Иргэдийнхээ асуудлыг Засгийн газар цогцоор нь шийдэх ёстой. Энэ уулзалтын үеэр гарсан санал бүрийг нэгтгэж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгоод гурван жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллана гэлээ.