/Зургийг РИА Новости/
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ГАДААД дахь анхны айлчлал 5-р сарын 30-нд ОХУ-аас эхэлсэн юм. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудал, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх талаар ярилцах юм.
Айлчлалын үеэр гадаад харилцааны сайд Б.Батцэцэг РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгчээ.
Ярилцлагад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ШХАБ-д өнөөгийн байр сууриа хадгална. Олон жил ОХУ-ын зүгээс гацаанд оруулаад буй Эг, Шүрэнгийн усан цахилгаан станцаа баримаар байна зэргээр дэлгэрэнгүй ярьжээ.
Ярилцлагын онцлох хэсгүүдийг түүвэрлэн хүргэвэл:
Сэтгүүлч: ….Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орон. Харин энэ байгууллагад элсэх боломжтой юу?
Хариулт: ….. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараа энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь илүү оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Сэтгүүлч: Интеграцын өөр нэг бүтэц бол Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага юм. Монгол Улс энэ байгууллагад нэгдэх боломжтой юу?
Хариулт: ….. Манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд, бусад орнуудын зүгээс үндэсний аюулгүй байдалд шууд аюул учраагүй бол цэрэг-улс төрийн аливаа байгууллагад Монгол Улс оролцохгүй гэж заасан байдаг. Золоор хэн ч бидэнд заналхийлээгүй, бидэнд шууд аюул учруулаагүй байна. Тиймээс бид ХАБГБ гэх мэт цэрэг-улс төрийн байгууллагуудад элсэх шаардлагагүй.
Манай улс Орос, Хятадын дунд оршдог. Далайд гарах гарц байхгүй, гуравдагч түншүүд рүүгээ хүрэхийн тулд Орос, Хятадын өргөн уудам нутгаар дамжин өнгөрөх гэх зэрэг хүндрэлүүд бий. Гэхдээ давуу тал бас бий – бид аюулгүй гэдгээ мэдэрдэг.
Монгол Улс худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцох сонирхолтой бөгөөд энэ нь манай ашиг сонирхолд илүүтэй нийцэх юм.
Сэтгүүлч: Нэгэнт Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхэд ийм бооцоо тавьж байгаа бол эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцъя. Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулах төсөл ямар шатанд явж байгаа вэ? Оросоос эрчим хүч авсны хариуд Монгол Улс усан цахилгаан станц барих төслөөсөө татгалзахад бэлэн үү?
Хариулт: Та маш чухал асуулт асуусан тул би энэ талаар илүү дэлгэрэнгүй ярихыг хүсэж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр усан цахилгаан станц байгуулах төсөл Оросын шаардлагаар зогссон. Энэ асуудалд манай улсын баримталж буй байр суурийг ярихыг хүсэж байна.
Нэгдүгээрт, энэ станцыг Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөөгүй. Харин Шүрэн болон Эгийн гол гэсэн Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг голууд дээр байгуулахаар төлөвлөсөн. Монголын нутгаар урсан өнгөрдөг Сэлэнгэ мөрөн бол Байгал нуурын усан сангийн ердөө 18 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, Байгал нуурын цутгалуудын 80 гаруй хувь нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байдаг. Цахилгаан станц барихаар төлөвлөж байсан Эгийн гол нь Байгал нуурын ус сангийн дөнгөж 5 хувийг бүрдүүлдэг. Нөгөө талаас, усан цахилгаан станц барьснаар гол татарна гэсэн үг биш. Гол урссаар л байна, хаашаа ч алга болохгүй. Мөн усан цахилгаан станц барьснаас болж Байгал нуурын ус татарна гэдэг нь ихээхэн маргаантай асуудал.
Хоёрдугаарт, Зөвлөлтийн гидрологчид судалгаа хийгээд Эгийн гол болон Шүрэн дээр усан цахилгаан станц байгуулахыг зөвлөж байсныг энд дурдах нь зүйтэй. Бид Зөвлөлтийн гидрологчдын дүгнэлтэд тулгуурласан. Тиймээс бидэнд энэ төслийг эхлэхэд ОХУ-ын талаас гаргасан байр суурь ихээхэн ойлгомжгүй байсан.
Гуравдугаарт, усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулах нь Байгал нуурыг бохирдуулах вий гэсэн болгоомжлол байв. Гэхдээ энэ нуур ОХУ-ын нутаг дэвсгэрээс бохирдож байгаа нь нууц биш юм. Нууран дээр целлюлоз-цаасны үйлдвэр одоо хүртэл ажиллаж байна. Нуурын сав газруудад аж үйлдвэрийн маш олон объект барьсан, нуурыг тойроод олон тооны аялал жуулчлалын газрууд байдаг. Тиймээс маргаантай асуудлууд их бий.
Дөрөвдүгээрт, "Шүрэнгийн УЦС" төслийг боловсруулж эхлэхийн өмнө Байгал нуурын усны түвшин болон нуурын биологийн олон янз байдалд нөлөөлөх үнэлгээний судалгааг Францын компани хийсэн. Эдгээр судалгааны үр дүн нэлээд эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, нууранд нөлөөлөх үзүүлэлт маш бага, бараг тэгтэй тэнцүү байсан. Гэвч Оросын тал үүнийг анхааралдаа аваагүй. Орос улс энэ асуудлыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж, эдгээр төсөл зогссон.
Бид ОХУ-тай цахим худалдааг хөгжүүлэхийг зорьж байна. Одоогоор бидэнд Монгол болон Орост интернет дэлгүүрүүдээс захиалсан барааг хүргэх үйлчилгээ, ложистикийн тогтолцоо алга. Өнөө үед цахим худалдаа бол үл ойшоож болохооргүй асар том сегмент юм. Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, цахим платформуудыг дэмждэг. Тиймээс бид хоёр улсын бизнес эрхлэгчдийг нөгөө талын арилжааны платформд нэвтрэх боломжийг нь дэмжихэд онцгой анхаарах хэрэгтэй.
Ярилцлагыг Орос хэлээр унших бол https://ria.ru/20210601/battsetseg-1735071863.html