Хүн амын 70 хувийг вакцинд хамруулснаар сүргийн дархлаа тогтоно. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.
Тэрбээр " Тархвар судлалын үүднээс 10 хүн тутмын 7 нь дархлаажуулалтад хамрагдаж байж тохиолдлын тоо эрс буурна.
Өнөөдрийн байдлаар манай улс 18-аас дээш насны иргэдээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Энэ нь нийт хүн амын 60 хувь гэсэн үг. Харин нийт хүн амын 70 хувийг дархлаажуулах ёстой гэвэл бид зайлшгүй хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагатай болж байна.
Одоогоор манай улсад 0-17 насны 1,185,991 хүүхэд бий. Үүнээс 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах хэрэгтэй болж байна гэсэн үг. Шаардлагатай гэж үзвэл 290 мянган хүүхдэд Pfizer вакциныг хийх боломжтой.
АНУ, ХБНГУ, Канад болон Европын холбооны улсуудад Pfizer вакциныг 12-15 насны хүүхдэд хийхийг зөвшөөрсөн байгаа. Одоогоор бид 16-17 насны хүүхдүүдийг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр вакцинд хамруулах тооцоо, судалгааг хийж байна.