Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныханд PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ.
Манай улсад жилд дунджаар 1100 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Иймд хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй гэх зөвлөмжийг СЭМҮТ-өөс өгчээ.