Энэ сарын 1-нд ТЦА-ны жижүүрийн албаны шуурхай удирдлагын хэсэг 200 гаруй дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 120 дуудлыг шийдвэрлэж ажиллажээ. Зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэн байна. Мөн зургаадугаар сарын 1-нд орон даяар согтууруулах ундаа худалдаалахыг хориглодог. Гэвч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг нийслэл хотын хэмжээнд илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Ослын шинжтэй хэргүүд энгийн өдрүүдтэй харьцуулахад 10-15 хувь буурсан үзүүлэлттэй бол согтуугаар тээврийн хэрэгсэл барих зөрчилд тоон өөрчлөлт гараагүй байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зориг, “Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар, өдөрт 30-35 согтуугаар замын хөдөлгөөнд орсон зөрчил илэрдэг. Зарим амралтын өдрүүдэд 40 илэрдэг. Иргэд, ковид цар тахлын үед цагдаагийн алба хаагчид тандагч багажийг үлээлгэдэггүй гэж буруу ойлгоод байна. Мэдээж цагдаагийн албан хаагчид тандагч багажийг үлээлгэхгүй байгаа. Гэхдээ алба хаагчид жолоочийг ажиглаж байгаад буюу хяналт шалгалтаар тээврийн хэрэгслийг зогсоогоод цагдаагийн албаны тухай хууль болон зөрчил хянан шийдвэрлэх журмын дагуу, тухайн иргэний хэл яриа өөрчлөгдсөн, эсвэл хүүхэн хараа томорсон зэрэг байдлаар зөрчлийг илрүүлж байна. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тохиолдолд нэг удаагийн багажаар үлээлгэж шалгаж байгаа” гэв.