2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр МАН–аас нэр дэвшигч М.Энхболдоос "..Таныг аядуу тайван хүн гэдэг. Энэ зан улс төрд зөөлддөггүй юу" гэж асууж байв. Мэтгэлцээнийг MNB зохион байгуулж, тэдний хөтлөгч нар хөтөлж байсан ба М.Энхболд хариулахдаа …Би эцэг эхээс заяасан аядуу зөөлөн хүн. Эвдрэлцэж яваа хүмүүсийг эвлүүлчих юмсан гэж боддог. Асуудлыг чанга ярьснаараа шийддэг ч юм биш" гэж хариулж байв. Мөн нэр дэвшигч М.Энхболд намын нөхдийнхөө хамт мэтгэлцээнд бэлтгэж буй бичлэг задарч, бичлэг дээрх асуулт MNB -ийн мэтгэлцээний зарим асуулттай таарч байсан нь олны эгдүүг хүргэсэн. Энэ нь эрх баригч МАН-д MNB үйлчилсэн, асуултаа урьдчилж өгч бэлдүүлсэн, хэтэрхий нялуун утгагүй асуулт асуусан мэтээр олон шүүмжлэл дагуулж байв.
Харин энэ удаагийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг мөн л MNB зургадугаар сарын 7-ны Даваа гарагт зохион байгуулахаа зарлалаа. Мэтгэлцээнийг шууд дамжуулж, зургадугаар сарын 5-ны өдрийн 13:00 цаг хүртэл асуултыг иргэдээс онлайнаар болон утсаар хүлээн авна гэсэн юм. Өмнө нь эрх баригч намд үйлчилсэн хэмээн олон нийтээс шүүмжлэл хүртсэн MNB энэ удаа түүхээ давтах вий гэсэн болгоомжлол иргэдэд байна. Учир нь MNB олон нийтийн биш тухайн цаг үед эрх барьж байгаа намын тв болчихдог нь нууц биш. Тиймээс улсын ерөнхийлөгчийг сонгох хариуцлагатай үед эрх баригчдад бөхийхгүй байхыг MNB-ийн удирдлагуудаас, Ерөнхий захирал А.Бүрэнбаатараас хүсье.