Хөшигийн хөндийн хурдны замыг ашиглалтад аваад удаагүй. Гэвч цар тахлын улмаас уг замаар автомашин явж эхлээгүй байхад цууралт үүссэн асуудал олон нийтийн сүлжээнд шүүмжлэлийг дагуулж байгаа юм.
Гэрэл зургийг Amartuvshin Dorj хаягаас авав
Уг асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа "Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км зам БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2015 оны есдүгээр сард гэрээ байгуулагдаад 2016 онд барилгын ажил явагдсан. 2019 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Үүнээс хойш ковидтой холбоотойгоор энэ зам ашиглагдаагүй.
Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь замын дагуу хагарал гарсан. Замын ирмэгээс 3.5 метрт 115 метр орчим дагуу хагарал үүссэн. Энэ нь зам барилгын ажил технологитой холбоотой асуудал. Гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компани газар дээр нь очиж ажилласан. Холбогдох засварын ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна. ЗТЯ, Зам тээврийн хөгжлийн төв, барилгын ажлын гүйцэтгэгч "Чайна Тэйсэжү Сивил инженеринг групп" мөн хятадын зөвлөх компанитай нэгдсэн ажлуын хэсэг байгуулсан. Дүгнэлтээ боловсруулж байна. Ойрын хугацаанд дүгнэлт гарч, засварын ажлыг хийж дуусгана. Урьдчилсан дүгнэлт эцсийн байдлаар гараагүй.
Өнгөрсөн жилээс нарийхан хагарал үүссэж, гүйцэтгэгч компани тухайн үед нь нөхөөс хийж засварласан байсан ч энэ жил хагарлын хэмжээ томорсон. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хариуцах ёстой” гэлээ.