Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгож дуусгаснаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа тус компанийн вэб сайтад мэдээлжээ.
Тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөг олгох ажлыг холбогдох байгууллагатай хамтран дуусгасан юм.
Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-нд баталсан. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байсан 228.5 мянган ахмадын 695 тэрбум төгрөгийн зээлийг тэглэх санхүүжилтийг гаргажээ.
Тэрбээр, “Хууль хэрэгжүүлэгчийн хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж, зээлгүй ахмадад олгох 216.2 тэрбум төгрөгийг дансандаа төвлөрүүлж, хугацаанд нь олгох бэлтгэлээ сайтар хангаснаа онцлоод, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн харьяанд Салхитын мөнгөний ордоос гадна Овоот хярын алтны төсөл бий. Төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэлийг үе шаттай хийж, одоогоор хайгуул үргэлжилж байгааг дурдсан байна.