Хотын дарга асан С.Амарсайханы агаарын дүүжин тээвэр “ашиглалтад ороод нэг хонолоо”.
2020 оны нэгдүгээр сарын 21-нд хотын дарга асан С.Амарсайхан Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг олон нийтэд танилцуулж байсан.
Тэрээр ярихдаа, “Бид сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэг асуудлыг ярьдаг байж болохгүй. Бидний гаргаж буй шийдэл, танилцуулж буй асуудал хотын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжилтэй холбоотой. Тиймээс улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхэлдэг цаг өнгөрсөн. Агаарын дүүжин тээвэр Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Бид тооцоо судалгаагаа хийсэн гэсэн үг. 2021 оны зургаадугаар сард агаарын дүүжин тээвэр явж эхэлнэ” гэж байв.
Улс төрийн оноо авах гэж иргэдээ хуурч мэхлэх цаг өнгөрсөн хэмээн онцолж байсан даргын ээлжит мэхлэлт нь энэ байв. Уг нь хэрэгжилтээ олсон бол иргэд өнөөдөр Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэлд агаарын дүүжин тээврээр зорчих байлаа. Үеийн үед төрийн эрх баригч нар чадахгүй зүйлдээ ам гарч, иргэдэд хүлээлт үүсгэж байгаад усанд хаясан чулуу шиг алга болдог. Тэдний хийж чадна гэж “бүлтрэх” үгэнд итгэдэг ард түмэн ч үгүй болжээ. Хотын дарга асан С.Амарсайхан суудлаасаа бууснаар агаарын дүүжин тээвэр агаартаа замхарч, одоогийн хотын дарга Б.Сумъяабазарын метро баригдах асуудал яригдаж байна. ”Мянгуужингийн үлгэр” болчихгүй л бол метро манайд хэрэгтэй. Иргэд энэхүү ажлын төлөвлөгөөнд итгээгүй ч горьдлогын мөр гээд хүлээж л сууна.
Энэ мэтчилэн үлгэр ярьдаг улс төрчдийн амлалт ажил болж өрнөдөг байсан бол өнөөдөр Монгол улс хөгжлийн оргилд хүрэх байлаа. Бидэнд ярьсанаа биелүүлж, хэлснээ хийдэг улс төрчид хэрэгтэй байна.