Таргалалт гэж юу вэ?
Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэг ойлголтод булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. “Obesity“ буюу таргалалт гэдэг ойлголт нь биеийн өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг байна. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг. Эрэгтэй таргалалт нь илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.
Тэр тусмаа хүүхэд, залуусын дундах таргалалт хүн төрөлхтний санааг зовоосон асуудлын нэг болоод байгаа. Манай улсад ч гэсэн таргалалт нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн судалгааны дүн харуулна. ДЭМБ, Мянганы сорилтын сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран 2009 онд хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 42.7 хувь нь илүүдэл жин буюу таргалалттай байсан бол жилийн дараах судалгаагаар таргалалттай хүмүүсийн эзлэх хувь 54.4 хувь болж огцом өссөн байна. Дэлхий нийтэд бол долоон тэрбум хүний хоёр тэрбум орчим нь таргалалттай гэсэн судалгааг 2014 онд гаргаж байж.
Хөгжиж буй орнуудад таргалалт нэмэгджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женев хотод Лондоны “Империал” дээд сургуультай хамтран хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ 2020 оны аравдугаар сард олон нийтэд танилцуулсан. Өнгөрсөн 40 жилд дэлхий дахинд 5-19 насны тарган хүүхэд нэмэгдсэн. Түүнчлэн залуусын хувьд таргалалт 10 дахин өссөн. 2022 он гэхэд хэт таргалалттай хүүхэд, залуусын тоо дунд зэргийн болон хэт туранхай хүний тооноос давах болно гэсэн судалгааны дүн гарсан байдаг.
Бид энэ удаад Цахим эмч Б.Баярбямбатай таргалалтын талаар ярилцлаа.
-Манай улсад хийсэн таргалалттай холбоотой судалгаануудын тоо баримтаас сонирхуулахгүй юу?
-2011 онд Хүн амын хоол, шим тэжээлийн үндэсний дөрөвдүгээр судалгаа гэж хийгдсэн. Үүнд 20 хүүхэд тутмын нэгд илүүдэл жин таргалалт байсан. Зургаан жилийн дараа Хүн амын хоол, шим тэжээлийн тавдугаар судалгаан дээр энэ таргалалтын тоо хэмжээ долоо дахин өссөн. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэд тутмын долоод илүүдэл жин, таргалалтын асуудал өрнөөд эхэлсэн. Магадгүй 4-5 жилийн дараа яаж өсөх вэ гэдэг маш том асуудал. Тэгэхээр монголын ирээдүй тарган болж байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
-Таргалалт яагаад дэлхий нийтийн асуудал болоод байгаа вэ?
-Яагаад энэ таргалалтыг асуудал гэж үзээд байна гэхээр таргалалтыг анагаах ухаанд биеэ даасан өвчин гэж үздэг. Бид таргалалтыг гаднах галбир төрхийн өөрчлөлт гэж хараад байгаа бол анагаах ухаанд бие даасан өвчин. Энэ өвчин юунд хүргэдэг вэ гэхээр цаашлаад чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж болоод маш олон төрлийн өвчний суурь болдог эрсдэлтэй том асуудал.
-Хэрэглэж байгаа хүнстэй таргалалт шууд холбоотой гэж үздэг. Үүнд хэрхэн анхаарах ёстой вэ?
-Анх бидний буюу нийгмийн ойлголт өөх идвэл тарган болно гэдэг байсан. Одоо энэ бол биш, буруу. Яагаад гэвэл өөх идвэл тарган болдоггүй. Ерөөсөө чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн энгийн нүүрсний агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн өдөр тутам маш ихээр идэхээр таргалалт болдог. Сахарыг хүний бие махбод ихээр дамжаад гараад ирэхээр масло болгож чадах хэмжээний буюу өөх тос олгож чадах хэмжээний биологийн процессыг хүний бие махбод явуулдаг. Сахар, чихэрлэг зүйл идсээр энэ нь таргалалт болж хувирна. Тэгэхээр хүүхдүүдийн өдөр тутам хэрэглэж байгаа чихэрлэг ундаа энд хамгийн том эрсдэл учруулж байгаа нэг зүйл. Хоёрт чихрийн агууламж өндөртэй бүх төрлийн амттанууд байна. Гуравт энгийн нүүрсний агууламж өндөртэй талх, нарийн боовны хэрэглээ хүүхдүүдийн дунд маш өндөр байгаа.
Үүнд эрүүл мэндийн боловсрол сайтай байж сонголтуудаа өөрчлөх хэрэгтэй. Сонголтоо хийхдээ шошгыг уншдаг байх хэрэгтэй. Ийм л дадлууд хэрэгтэй.
-Дасгал хөдөлгөөн жингээ барихад чухал нөлөөтэй юу?
-Дасгал хөдөлгөөн, биеийн идэхтэй хөдөлгөөн бодисын солилцоо, хүний цусны эргэлтийг дэмжиж өгнө. Ингэснээр зөвхөн таргалалтаас сэргийлэхээс илүүтэйгээр хүний өсөлт, хөгжил, бидний юм бүхэнд яригддаг дархлааг дэмжинэ. Цусны эргэлт сайтай байгаа тохиолдолд бодисын солилцоо сайн байна. Бодисын солилцоо сайн байгаа тохиолдолд эс хоорондын мэдээлэл дамжуулалт сайн байна. Эс хоорондын мэдээлэл дамжуулалт сайтай байх юм бол бидний хэлээд байгаа дархлаа тэнцвэртэй, зохистой байна. Халдвар хамгааллаас өөрсдийгөө сэргийлэх нөлөөтэй. Мэдээж дасгал хөдөлгөөн гэдэг өөрөө илчлэг, энерги зарцуулж байдаг утгаараа тодорхой хэмжээний гаднаас авсан илчлэгийг шатаах давхар нөлөөтэй.