БОАЖ-ын сайд Н.Уртнасан Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзлаа. Тэд гурав дахь удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын эхэнд сайд Н.Уртнасан Аялал жуулчлалын салбарт хийгдэж байгаа болон цаашид хийх, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар тодорхой мэдээллүүдийг танилцуулсан. Үргэлжлүүлэн салбарын төлөөллүүд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар товч мэдээллийг хүргэлээ.
Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ бодлого, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд уулзалтаар жил гаруйн хугацаанд зогсонги байдалд байгаа аялал жуулчлалын салбараа төр хувийн хэвшлүүд хамтын хүчээр сэргээх, үйл ажиллагааг шинэ менежмент, шинэ зохион байгуулалт, алсын хараатай хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой саналуудыг оруулж, цаашдын төлөвлөгөөний ерөнхий зураглалыг гаргав.
Уулзалтын үеэр хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын сайдад хүний нөөц, ажлын байрыг хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, газар, үл хөдлөх хөрөнгийн татваруудыг чөлөөлөх, зээлийн уян хатан нөхцлийг бий болгох гэх мэт тодорхой саналуудыг хүргүүлсэн бөгөөд тухайн саналуудыг бүрэн дэмжинэ гэдгээ БОАЖ-ын сайд Н.Уртнасан илэрхийлсэн юм.
Хэдийгээр салбарын нөхцөл байдал хүнд байгаа боловч хувийн хэвшлүүдээ сонсож, шийдвэрлэх чиглэлд тодорхой ажлуудыг эхлүүлж байгаад талархаж байгаагаа салбарын төлөөллүүд онцлоод өнөөдрийн уулзалтын үр дүнг бодит ажил болгоход төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.