Дэлгэрэнгүйг дээрх видео сурвалжлаганаас хүлээн авч үзнэ үү.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг Эх үрсийн баярыг тохиолдуулан “Манай гэр” асрамжийн төв дээрээс сурвалжиллаа. Сурвалжилгын үеэр энэхүү төвийн захирал, “Хүүхэд бүтээгч ээж” гэх Н.Гаамаа багш хүүхдүүдийнхээ уран бүтээлийг бахдан танилцуулахын хажуугаар асрамжийн газрын үйл явц, орчин нөхцлийг харуулсан юм.
“Манай гэр” бол асрамжийн төв биш гэр бүл хэмээн танилцуулж байсан тэрээр анх зургаан хэвтрийн хүүхдийг асарч хөл дээр нь босгосон талаар хуучилж байлаа. Энэ талаар, “Манайх 2003 оноос эхэлж хүүхдүүдээ авсан. Анх зургаан хэвтрийн хүүхэд авч өсгөж байлаа. Түнхний мултралтай, тулгуур эрхтний саажилттай. Тэдгээр хүүхдүүдийг би л өсгөх ёстой байсан. Үндсэндээ хүүхдийн төлөө зүрх минь цохилж, бүхий л амьдралаа зориулна гээд сэтгэл шулуудсан хэрэг. Хүүхдүүдээ нэг гэр бүлийн ахан дүүс шиг өсгөж, нэгнээ гэх чин сэтгэлийг суулгаж хүмүүжүүлсэн гэж боддог. Одоогоор манайх 26 хүүхэдтэй. Энэ олон өөр араншинтай хүүхдүүдийг ойлгож харьцахын тулд дээрээс нь биш дэргэд нь байж, өөрөөр хэлбэл би өөрөө хүүхэд болох шаардлагатай болдог” хэмээн ярьлаа.
Энэхүү гэр бүлийн том хөвгүүдийн нэг М.Батжаргал нь тогооч мэргэжлийг эзэмшин, дараагаар нь Сити их сургуульд суралцан, Аялал жуулчлалын менежментийн бакалаврын зэргийг хамгаалжээ. Тэрээр одоо Япон улсад магистраа зэрэг хамгаалахаар төлөвлөж буй юм. Түүнээс ирээдүйн зорилго, мөрөөдлийг нь асуухад, “Би өөрийгөө тун азтай гэж боддог. Багш нарынхаа тусламжтайгаар их сургуулиа төгсчихлөө. Энэ нь миний хувьд маш том хариуцлага л гэсэн үг. Надад хөгжлийн бэрхшээлтэй олон дүү бий. Тэдний ирээдүйг би гэрэлтүүлэх хэрэгтэй болж байна шүү дээ. Мөн над шиг өвчнөөсөө болж төрсөн эцэг эхдээ хаягдаад сурч боловсорч чадаагүй хүүхдүүдэд ажлын байрыг бэлдэж өгөхийг хүсдэг. Ресторан нээж ажиллуулна даа.
Гаамаа багш маань бидэнд амьдрах арга ухааныг л үргэлж сургадаг юм. Хамгийн гол нь хүндлэл гэж юу болохыг ойлгуулж, мэдрүүлдэг” хэмээн ярьсан юм.
“Манай гэр”-ийн хүүхдүүд сэргэлэн цовоо байх бөгөөд зорилго тэмүүлэлдээ хөтлөгдөж буй нь илхэн байлаа. Тэдгээрийн дунд хэд хэдэн жүжигчин охид байдаг ч биднийг очиход “БЭРҮҮД” МОУСК-нд дүр бүтээсэн Б.Намуун охин л байв. “Кинонд тоглох жаахан хэцүү юм байна билээ” хэмээн инээд алдан ярихдаа, цагдаа болохыг хүсдэг талаараа хуваалцсан юм.
Тэнд зүгээр суудаг нэг ч хүүхэд үгүй. Оёдол, хатгамал, дуу, бүжиг гээд өөрсдийн дур сонирхлоор цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж дадсан нь харагдаж байлаа.