ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс Замын-Үүд боомтод ажилласан шалгалтын талаар тодрууллаа.
ШӨХТГ-аас тээврийн үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайдаас өгсөн тушаалын дагуу Замын-Үүд дээр ажилласан. Тээврийн үнийн хөөрөгдөлтэй холбоотой хэд хэдэн шалтгааныг тодорхойлсон.
Нэгдүгээрт тээврийн үнийн хөөрөгдөл БНХАУ талд байна. Нөгөө талдаа монголын жолооч, тээвэрлэгч нар үнийг хөөрөгдөж байна. Яагаад үнэ хөөрөгдөж байна гэхээр одоо гараад дахин нэг сарын хугацаанд орж чадахгүй учраас нэг тээвэрлэлт хийгээд боломжоо ашиглан тухайн тээврийн үнийг өөрсдөө тогтоосон гэдэг мэдээлүүгүүдийг өгсөн.
Одоо найман тээврийн жолооч, гурван ААН дээр Зөрчлийг хэрэг нээгээд манай байгууллагаас ажиллаж байна.
Нөгөө талдаа тээврийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь үндсэн суурь, шалтгаан болсон. Учир нь БНХАУ, Монгол Улсын хооронд хилийн хязгаарлалт тогтсон. Хоёрдугаарт хилээр орж гарч байгаа машины хязгаарлалт тогтсонтой хамааралтай асуудлууд байгаа.
Бидний хяналт шалгалтын хүрээнд өөртөө 100 машин орж, гарч байсан. Хяналт шалгалтын дараа Шадар сайд очиж ажиллан БНХАУ-тай яриад өдөртөө 150 машин нэвтрүүлэх боломжийг олгосон.
Халдвар, хамгааллын дэглэм баримтлахаас үүдээд нэг авто машин 4-5 жолоочийн гар дамжиж хил нэвтэрч, буцаж орж ирж байгаа. Тиймээс жолооч болгонд тодорхой хэмжээний зардлууд нэмэгдэж байгаа гэсэн үг.
Бид очсоноор нэг асуудлыг шийдвэрлэсэн нь дугаарлаж байгаад дугаараа зардаг асуудал байсан. Манай хил хамгаалахынхан үүнд маш шуурхай ажиллаж тухайн дугаар зарж байгаа явдлыг зогсоосон. Нэгэнт та дугаарлаж байгаад орохгүйгээр буцаж байгаа тохиолдол гарах юм бол үүнд орондоо өөр жолооч оруулахгүй дараагийн жолооч нөхөж ордог системийг тогтоож өгсөн. Энэ нь бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэд нөлөөлж байсан суурь шалтгааны нэг байсан.
Одоо найман иргэн, гурван ААН дээр албан ёсоор Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Үүнд хууль бусаар олсон нийт орлогыг хураана. Түүнчлэн иргэнийг хоёр сая төгрөг, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгохоор ажиллаж байна.
Нэг хэргийг бид АТГ руу шилжүүлсэн. Энэ нь дугаарлалтын урдуур оруулж өгнө гээд зургаан сая төгрөг авсныг эзэн холбогдогчийг нь тогтоосон. Зургаан сая төгрөг авсан данс, бүх мэдээллийг тодорхой болгоод бид АТГ руу албан ёсоор шилжүүлээд явж байна.
Хил хамгаалах газартай бид нэг зүйл тохирсон. Хилээр гарах гэж байгаа машин дээр заавал үнийг нь тодорхой хэмжээнд тогтоож өг, үнэ хөөрөгдөхгүй. Тээврийн үнийн өсөлтүүд явбал бид үргэлжлүүлээд Хил хамгаалах газартай ярина гэдэг байдлаар ажиллаж байгаа. ШӨХТГ Замын-Үүдэд өөрийн гэсэн салбар байхгүй. Гэхдээ сая Дорноговь аймгийн Засаг даргатай зөвшилцөөд нэг эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч ажиллуулж эхэлсэн. Тодорхой шаардлагатай тохиолдолд тухайн улсын байцаагч Дорноговь аймгаас Замын-Үүд рүү очиж ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн.