Баян-Өлгий аймагт коронавируст халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өчигдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийж байна.
Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт очиж гэрийн ажиглалтад байсан 1, мөн тусгаарлах байранд ажиглалтад байсан 1 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Гэрийн ажиглалтад байсан иргэн Улаанбаатар хотоос 5-р сарын 23-ны өдөр ирсэн ба энэ сарын 29-нд PCR шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагдсан юм. Түүний ойрын хавьтал болох 23 хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад таван хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан.
Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.