ГБХЗХГ-аас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Монгол Улсад олон чухал асуудал бий ч бүхний өмнө хүүхэд байгаасай гэсэн зорилгыг биелүүлэхийн тулд "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг дөрвөн чиглэлд улсын хэмжээнд зохион байгуулна. Үүнд:
- Хүүхдэд ээлтэй төрийн үйлчилгээ
- Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт
- Хүүхдэд ээлтэй бизнес үйлчилгээ
- Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл
Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Тэдний хуулиар олгогдсон эсэн мэнд байх, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангаж аж байдлыг сайжруулахад Засгийн газраас байнга анхаарч ирсэн. Монгол Улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих, энэ хэлбэрийг бүх хэлбэрээр хориглосон 49 дэх орон болж бүртгэгдсэн. Хэдийгээр энэ чиглэлд тодорхой үр дүн гарч байгаа боловч хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчсэн үзүүлэлт буурахгүй байна. Тиймээс бид хүүхдийг язгуур эрхийг хамгаалахыг эрхэмлэж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд төр болон төрийн бус, иргэд, бизнессийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд нийгэмд "Нэгдүгээрт хүүхэд" хөдөлгөөнд нэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна гэлээ.
ГБХЗХ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 дугаарт жилд 150-180 мянган дуудлага ирдэг. Энэ жил 894 хүүхдэд аюулгүй байдал болон түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүллээ. Хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн орчинд хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртөж байна. Дуудлага ирүүлсэн хүүхдүүдийн 69 хувь нь эцэг эхийнх нь зүгээс сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл амссан байна. Гол шалтгаан нь архины хамаарал, аливаа маргааныг хүчирхийллийн аргаар шийдэж буй байдал юм.
Хүчирхийлэлтэй тэмцэх гэдэг нь маш өргөн агуулгатай. Тухайн хүний зан үйлийг өөрчлөхийн тулд зургаан сараас дээш буюу урт хугацааны хамтын ажиллагаа шаардлагатай байна. Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байх тухай шийдвэр гаргасан. Байгууллагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, тэднээр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалахад дэмжин ажиллах нь нэн чухал байна.
Өнөөдрийн байдлаар 13900 гаруй хүүхэд коронавируст халдвар авсан. Хөл хорионы үед хүүхдийн аюулгүй байдал болон түр хамгаалуулах үйлчилгээ авсан тохиолдол 40 хувиар буурсан" гэлээ.