Төмөр замтай байх уу, өргөн царигтай тавих уу нарийн царигтай тавих уу гэсэн маргаан болон улс төржилтөөс болж бид нүүрсээ төмөр замаар зөөж чадалгүй бараг 10 жилийн хугацаа алдаж байсан.
Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилд л гэхэд бид төмөр замгүйгээсээ болж 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж байсан удаатай.
Энэ маргаан нэгэнт эцэслэгдэж 2019 оны дөрөвдүгээр сард Таван толгой –Зүүн баян чиглэлийн 416,1км, Таван толгой –Гашуун сухайт чиглэлийн 240км төмөр зам баригдаж эхэлсэн юм.
Бид энэ удаа 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа Таван толгой –Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар болон эдийн засгийн үр өгөөжийн талаарх сурвалжилга хүргэж байна.
УИХ-аас 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар заасан байдаг.
Эхний үе шатанд баригдах 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам, Таван толгой Гашуунсухайтын чиглэлийн 240 км төмөр замууд багтсан.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд 414.6 км үргэлжлэх бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдаж байна.
Төслийн захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК, хяналтыг “Тавантолгой төмөр зам” ХХК гүйцэтгэж, дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг, доод бүтцийн ажлыг Зэвсэгт Хүчний Жанжин штаб, үндэсний компаниудын төлөөллүүд хийж гүйцэтгэж байна.
Монголчууд дангаараа гүйцэтгэсэн энэхүү бүтээн байгуулалтад 58 аж ахуй нэгж байгууллага, 5187 хүн, 2500 орчим техник ашиглан оролцжээ. Газар шорооны ажил л гэхэд 25 сая м3 болсон байна.
Япончуудын боловсруулсан ТЭЗҮ-ээр нэг км замыг 2.5 сая доллараар барина гэж тооцоолсон бол Монголчууд нэг км замыг 900 мянган доллаар барьж ашиглалтад орж байна.
Таван толгой -Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын эдийн засгийн үр өгөөж тооцохдоо:
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын Тавантолгойн нүүрсний орд, Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг 37 ордууд эдийн засгийн эргэлтэд орох.
Тооцоолсноор зургаа орчим тэрбум тоннын нөөц бүхий баялагтай.
Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолжээ.
Эдийн засгийн үр ашиг:
- Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн тээвэрлэлтийн зардлыг бууруулах, БНХАУ, ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд гарах.
- Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн парк байгуулах.
- Тавантолгойн коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ өнөөгийн түвшнээс хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэх
- БНХАУ руу экспортлох төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх
- Говийн бүсэд төмөр зам дагасан суурьшилын томоохон төвүүд шинээр үүсэж, үүнийг дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ.
- Төмөр зам ашиглалтад орсноор 1000 орчим шууд ажлын байр шинээр бий болно.