Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарласан. Тиймээс энэхүү өдрийг дэлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдэлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг.
Энэ өдөр ДЭМБ-аас тамхи хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай болохыг дэлхийн нийтэд таниулж, тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар уриалга гаргадаг. Өнгөрсөн жил дэлхийн тамхигүй өдрийг "Уушгиа хайрлая" сэдвийн хүрээнд тэмдэглэсэн бол манай улсад “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё, өдөр бүрийг тамхигүй болгоцгооё” гэсэн уриа дор тэмдэглэсэн юм.
Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгийн талаар өсвөр үеийхэнд сурталчлан таниулахад оршдог. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины улмаас дэлхий даяар жил тутам 7 сая хүн нас бардаг бөгөөд 780 мянга гаруй нь дам тамхидалтад өртсөн байжээ.
Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.
Тамхи татдаггүй хүмүүс ч дам тамхидалтад өртөж уушгины хавдраар шаналах болсныг ДЭМБ-аас гаргасан судалгаа нотолж байна. Тамхинаас гарах нь уушгины хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг бөгөөд 10 жил тамхи татаагүй хүний уушгины хавдар үүсэх эрсдэлийг тогтооход 50 хувиар буурсан байжээ.
Бага насны хүүхдүүдийн хувьд дам тамхидалтад хамгийн их өртөж байгаа бөгөөд тэдний уушгины өсөлт болон үйл ажиллагааг сааруулж дархлааг сулруулдаг байна. Жирэмсэн байхдаа тамхи татах нь хүүхдийг төрөхөөс нь ч өмнө дам тамхидалтаас үүдсэн амьсгалын замын олон өвчин тусах эрсдэлийг нь нэмэгдүүлдэг.
ДЭМБ-ын судалгаагаар өнөөдөр хөгжингүй улс орнуудын иргэдийн тамхины хэрэглээ эрс буурах болсон бол хөгжиж буй болон ядуу буурай орнуудын иргэдийн тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.
Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Тамхийг үйлчлэлээр нь мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх гэж дөрөв хувааж үздэг ажээ.
Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бөгөөд хоёр эрэгтэй тутмын нэг буюу нийт эрэгтэйчүүдийн 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг буюу эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн байдаг.
НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн нийтийн тамхины одоогийн чиг хандлага цаашид үргэлжилсээр байвал чимээгүй үхэл буюу тамхины улмаас энэ зуунд нэг тэрбум гаруй хүн нас барна гэсэн судалгаа байдаг аж. Манай улс ч мөн адил энэ өдрийг тэмдэглэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ өдөр тамхи худалдаалахгүй, мөн тамхи татахгүй байхыг уриалсан арга хэмжээнүүд зохион байгуулдаг.
Монголд энэ өдрийн хүрээнд тамхи худалдаалахыг хориглодог.