Гадаадын улс оронд ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ саналыг тавдугаар дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэсэн юм. Харин дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тавдугаар сарын 9-нийг дуустал 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт иргэд биечлэн очиж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлсэн.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Сонгогчийн боловсрол сургалтын төвийн дарга Б.Оюумаа, “Эдгээр иргэд зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль биш УИХ, орон нутгийн сонгуульд оролцож санал өгөх боломжтой. Өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор сонгогчдыг бүртгэх, нэрийн жагсаалтыг авах ажлыг цахимаар зохион байгуулж байгаа учраас их зардал мөнгө гараагүй. Харин саналын хуудсыг хүргүүлэх, салбар комиссын ажлуудын үйл ажиллагаа, санал авах байр бэлдэхэд тодорхой хэмжээний зардал гарч байгаа” гэлээ.
- Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 700 гаруй сонгогч саналаа өгөөд байна.
- 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадаас 7209 сонгогч нэрийн жагсаалтад бүртгүүлснээс 4767 сонгогч саналаа өгсөн байдаг.
Гадаадад амьдардаг иргэдээс сонгуулийн явц хэр идэвхтэй байгаа талаар тодрууллаа.
Япон улсад магистраар сурч буй иргэн Ж: Монгол улсад ажил хэрэгч ерөнхийлөгч л хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл ажил хийсэн, хийдэг хүн л бидэнд хэрэгтэй. Эрх мэдэл албан тушаалд хүрчхээд ард иргэдээ хошхируулж суудаг ямбатнууд төрд үнэндээ байлгахыг хүсэхгүй байгаа. Гадаадад амьдарч байгаа иргэд маань ч саналаа өгөх хэрэгтэй. Үгүй бол ард иргэдийн амьдрал хүнд хэвээрээ үлдэнэ. Сонгууль бол өөрчлөлт хийх боломж шүү дээ. Тиймээс сонгуулийн санал хураах хоёрхон өдөртөө багтаад саналаа заавал өгөх хэрэгтэй. Санал хураах комисс дээр өнөө өглөөний байдлаар ил хуль байсан.
БНСУ–д ажиллаж, амьдардаг иргэн Э: Би Солонгос улсад ажиллаж амьдардаг. Эргэн тойрны маань Монголчууд саналаа өгнө гэж ярьж байна билээ. Идэвхтэй оролцох шинжтэй байна. Хэдийгээр бид харь оронд амьдарч байгаа ч Монгол Улсын иргэн болохоор сонголтоо заавал хийх үүрэгтэй. Мөн эрх нь бий учраас сонгуулиа өгнө. Миний хувьд өөрийн оюун ухаан, хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн, боловсролтой дэвшигчийг сонгох бодолтой байна. Монгол Улсын ирээдүйг дааж чадах итгэлтэй хүн бидэнд хэрэгтэй шүү дээ. Ямар ч байсан хувь хүнийг нь сайн судалж байгаад шийдэх хэрэгтэй гэж боддог.