XXXII удаагийн Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээний хоёр дахь өдөр “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Иван Ярыгиний Гранпригийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Түүний жинд таван бөх тойргоор барилдсан. Тэрбээр өчигдөр эхний өдөр эзэн орны гурван бөхийг ялсан. Мөн ОУХМ Э.Даваачимэгийг 8:6-гаар ялснаар ганц ч ялагдалгүй гурав дахь удаагаа (2015, 2020, 2021 он) тус тэмцээнд түрүүллээ.
Энэ жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг хоёр ялж, хоёр ялагдснаар тус тэмцээнд үзүүрлэв. Гурван бөх тойрч бие биеээ ялсан. Э.Даваачимэг онооны чанараар мөнгөн медалийн эзэн болсон юм.
Тэгвэл 50 кг-д “Женко” клубийн тамирчин спортын мастер Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд 2013 оны Европын аварга, эзэн орны туршлагатай бөх Валерия Чепсараковад 2:6-гаар, 55 кг-д Орхон аймгийн тамирчин ОУХМ Б.Халиунаа Екатерина Исаковад 0:5-аар тус тус ялагдлаа.