Энэ сарын 15-ны Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг 2021-2024 онд 50 хувиар бууруулах төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулсан юм. 400 мянган хүний дунд хийсэн судалгаагаар иргэдийн 84 хувь нь Улаанбаатар хотын түгжрэлийг яаралтай буулгах шаардлагатайг хэлсэн. Ингээд нийслэлд нэн тэргүүн олон хүний багтаамжтай нийтийн тээвэр буюу метрог хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Засгийн Газраас энэхүү ажлыг дэмжиж үүрэг чиглэл өгвөл судалгааны ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон талаар хотын дарга мэдэгдсэн.
Жил бүр метро тавих асуудал яригддаг хэдий ч, энэ нь ямар ч хэрэгжилтгүй өнгөрдөг. Тэгвэл энэ удаагийн метро бодитой байж чадах уу? Энэ талаарх иргэдийн үзэл бодлыг хүргэе.
Уг нь зөв санаа шүү дээ. Гадаадын орнууд бүгдээрээ л метротой. Метро биш юм аа гэхэд агаарын зам байх хэрэгтэй. Тэгж байж энэ түгжрэл дээрдэхээс биш, бүгдээрээ хотдоо овоороод байх юм бол ямар ч нэмэргүй. Гэвч хот доторх шугамаа шийдэж чадаагүй хүмүүс метро барина гэдэг жаахан хэцүү асуудал. Хэцүү гээд хийхгүй байлтай нь биш багаасаа эхлэх л хэрэгтэй. Өөрсдөө хийж чадахгүй юм бол ямар нэг байдлаар оролцож, хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
Метро барина гэж худлаа шүү дээ. Тэнд суух хүн ч байхгүй. Аль дээр үед намайг хүүхэд байхад л ярьдаг байсан асуудал. Итгэхгүй байна.
Хот юм чинь метро барьж байвал сайн. Мянгуужингийн үлгэр л болчихгүй бол. Метро гэдэг бүтээн байгуулалтын хувьд нилээн цаг хугацаа ордог том инженерийн байгууллага шүү дээ. Тэгэхээр хоёр гуравхан жилд барина гэдэг юу л бол.
Миний хувьд метро барих боломжгүй ээ. Дөрвөн жилийн хугацаанд барьчихна гэж бодохгүй байна. Ядаж ил байгаа засмал замуудаа бүрэн бүтэн янзлаад, өргөжүүлэх боломжтой зам байвал өргөжүүлчхээд, дараа нь төсөв нь байгаад боломж нь байвал барьж болохгүй зүйл байхгүй шүү дээ.
Зөв байлгүй яахав, нэг ч гэсэн түгжрэл багасна гэдэг асар чухал. Мөн түгжрэлтэй тэмцэхэд хамгийн оновчтой шийдэл мөн. Бид маш олон жил ярилаа. Одоо үр дүн ярих цаг нь болсон. Тиймээс би итгэж байна.
Метротой болно гэж 30 жил ярьж байна шүү дээ. МАН гарах юм бол яг л бахь байдгаараа. Арай нэг боловсон сэтгэхүйтэй хүн гарвал өөр байх.