Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ө.Дүүрэнбаяр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Гавьяат тамирчин цолоо гардан авлаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан Ө.Дүүрэнбаяр “Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын Жүдо бөхийн холбооны 50 жилийн ойг тохиолдуулаад монголын жүдо бөхийн хүнд жинд оруулсан хувь нэмрийг минь үнэлж, Гавьяат эрхэм цолоор шагнасанд маш их баяртай байна. Энэ шагналыг авахад тус, дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ маш их баярлалаа. Төрсөн цагаас минь хойш бүх сэтгэл зүрх, залуу насаа зориулсан ээждээ баярлалаа. О.Балжинням, Х.Болдбаатар тэргүүтэй шигшээ багийн дасгалжуулагч нартаа баярлалаа. Алдар спорт хороо, шигшээ багийн хамт олон, Үндэсний биеийн тамирын газартаа маш их баярлалаа. Цаашдаа Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө хоёргүй сэтгэлээр бүхнээ зориулж зүтгэх болно” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.