Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Гавьяат цол, одон, медаль хүртээж байна.
УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоо гардан авлаа. Тэрээр шагналаа гардан аваад “Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Төрдөө үнсүүлж, төр засаг өчүүхэн хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасанд туйлаас баяртай байна. Маш олон хүнд баярлаж, талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Төрүүлж өсгөсөн аав, ээж, хань гэр бүл, үр хүүхдэдээ, хамт олондоо баярлалаа. Би УДЭТ-д 20 гаруй жил ажиллаж байна. Хамтарч ажилласан олон киноны уран бүтээлчид байдаг. Бүгдэд нь чин сэтгэлээсээ талархаа илэрхийлье. Хамгийн гол нь үзэгч түмэндээ маш их баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Мэддэггүй байж. Энэ бол хүнд маш гоё урам өгдөг, цаашдаа ихийг хийж бүтээх сэтгэгдэл, хүчийг өгдөг юм шиг санагдлаа. Бүгдэд нь маш их баярлалаа.
Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан. Энэ хайрыг дааж явах хариуцлага ирлээ гэж ойлгож байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн өнөөдөр УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа.