ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хурлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцинжуулалттай холбоотой мэдээллийг өглөө.
Тэрээр “Вакцины нэгдүгээр тунгийн дараа хүн ам дотроос 0.5 хувь нь буюу 9000 орчим хүн өвдсөн. Хоёрдугаар тунгийн дараа ч өвдөх эрсдэл байгаа. Манайд 3000 гаран иргэн хоёрдугаар тунгаа хийлгээд халдвар авсан. Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн дараа халдвар авсан. Хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоногийн дотор халдвар авах эрсдэл байгаа. Бид бүрэн тунгаа аваад 14 хоногоос хойших хугацаанд халдвар авсан иргэд дээрээ судалгаа хийж байгаа. Монгол Улсад ямар зүйл болж байгааг нарийвчлан судлах шаардлагатай.
Нийт нас баралтад бүрэн тунд хамрагдсан 5 хүн бүртгэгдсэн. Тэд бүрэн тунгаа аваад 14 хоног дотор халдвар авсан байсан. Үүнд судалгаа хийж байгаа.
Эрүүл мэндийн байгууллага, ДЭМБ вакцинжуулалтад хамрагдсан ч байнга л халдвар хамгааллаа дэглэмээ сахихыг уриалж байгаа.
Нийт хүн амынхаа 65 хувийг л вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний цаана хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, вакцинд хамрагдахад гаж нөлөө үзүүлэх иргэд үлдэж байгаа. Тиймээс үлдсэн 35 хувьд халдварын эрсдэл өндөр байгаа. Вакцинд хамрагдсан ч хамрагдаагүй ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй.
14 хоногоос дээш хугацаа өнгөрөөд халдвар авсан 900 гаруй хүн байгаа. Вакцин нэгдүгээрт өвчлөлөөс сэргийлнэ. Хоёрдугаарт халдвар авсан ч хүндрэл бага гарна гэж анхнаас нь хэлж байсан. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр гэрийн эмчилгээнд байгаа. Тэд хэр хүндрэх, нас баралт гарах эсэхийг дагаад судалж байгаа.
Хоёрдугаар тундаа бүрэн хамрагдсан хүмүүс нийслэлийн хэмжээнд 60 хувь нь байгаа учраас эрсдэл байгаа. Цаг хугацааны хувьд 14-21 хоног өнгөрсөн хүн цөөхөн байгаа учраас үүнд ажиглалт, судалгаа хийгээд явж байна.
Нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тундаа заавал хамрагдаарай гэж хэлмээр байна. Эхний тундаа хамрагдаад халдвар авсан хүмүүс их байгаа.
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалттай холбоотой эндэгдэл нас баралт бүртгэгдээгүй.
Вакцинжуулалтад хамрагдах асуудлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ эрчээ алдахгүй байх нь чухал. Халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлээд барья. Орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн, сонгуулийн ажил өрнөж байгаа энэ цаг үед иргэд хариуцлагатай хандвал тохиолдлын тоо, халдварын цар хүрээг хумих бүрэн боломжтой” гэлээ.