Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Уран бүтээл хэлтсийн дарга Сугарын Болд-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо. Түүний Монголын театрын хөгжилд оруулсан хувь нэмрийг үгээр хэлэхийн аргагүй билээ.
Театрт 20 жил ажилласан тэрээр, "Аз жаргал гэдэг дуртай мэргэжлээрээ ажиллаж түүнээсээ таашаал авахыг хэлдэг" хэмээн ярьж байсан юм.
Ямар ч дүрийг ажрахгүй бүтээдэг түүний хувьд гунигтай зүйл тохиолдох мөчид ч тухайн мэдрэмжээ хадгалан, дараа жүжгийн элемент дээрээ ашигладаг гэлээ. Энэ нь түүнийг мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулан ажилладгийг харуулах биз.
“Хүн өөртөө итгэхгүй юм бол өөр хэн ч чамд итгэхгүй. Гэвч өөртөө итгэх байдлыг хоосон бардамнахтай хольж хутгах нь өрөөсгөл. Чиний хийж байгааг хэн ч хийж чадна. Чамаас илүү хийх нэгэн нь ч байгаа учраас хүн алхам тутамдаа хичээж амьдрах ёстой” хэмээн ярьж суусан тэрээр өнөөдөр хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртээд буй нь энэ юм.