
Цар тахлын хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар УОК-ын мэдээллийг сонслоо. Манай улс нийт зорилтот иргэдийн 72 хувь нь вакцинд хамрагдсанаар дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 223 улсыг хамарч, нийт 167.5 сая хүн халдвар авч, 3.4 сая хүн нас барж, 148.5 сая хүн эдгэрсэн болохыг тэрбээр дуулгав. Монгол Улсад уг халдвараар 53 734 хүн өвчилсөн, үүний 46 748 эдгэрч, одоогоор 4243 иргэн клиникт хэвтэн эмчлүүлж буй байгаа гэв. Нийслэлд 3761, орон нутагт 482 иргэн тус тус эмчлүүлж буйг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.